• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

“СӨХ-ны төлбөрийг тогтоохдоо орон сууцанд үнэлгээ хийн тооцож гаргах хэрэгтэй”

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 4 сарын 21
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа. Үүнтэй холбоотойгоор СӨХ-нд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох хэлэлцүүлэг өнөөдөр Хангарди ордонд боллоо.

Уг хэлэлцүүлгийн үеэр иргэдээс хураадаг төлбөрийн талаар СӨХ-ны холбогдох албан тушаалтнууд болон Нийслэлийн зүгээс дараах асуудлуудыг хөндсөн юм.

“СӨХ-ны төлбөрийг хуульчлах хэрэгтэй байна”

Сүхбаатар дүүрэг 10-р хорооны “Дотно хөрш” СӨХ “Монголын сууц өмчлөгчдийн дээд зөвлөлөөс гарсан жишиг үнэ гэж байгаа.

Энэ жишиг үнийг бариад явах гэхээр оршин суугчид хүлээн зөвшөөрдөггүй. СӨХ-ныхоо төлбөрийг нэмэх талаар хэлэлцье гэхээр хуралдаа ирдэг хүн байхгүй. Хүчээр нэмбэл хууль зөрчсөн болно. Байр шинэ, хуучнаасаа шалтгаалаад гарах зардлууд нь өөр өөр байдаг. Тиймээс орон сууцанд үнэлгээ хийж, түүнийхээ хувиар нь тооцож төлбөрийн тооцоог гаргаж хуульчлах хэрэгтэй байна” гэсэн юм.  

“Төлбөр төлөгдсөн эсэх мэдээллийг ил тодоор цахимжуулах хэрэгтэй”

Үргэлжлүүлэн СӨХ-ны төлбөрийн мэдээллийг ил тод байлгах хэрэгтэй талаар, “Машин худалдаж авахад татвар, торгууль бүх зүйл нь ил тод байдаг. Гэтэл байр авахад хүний хувийн нууцтай холбоотой асуудлаас болж СӨХ-ных нь төлбөр төлөгдсөн эсэх мэдээлэл ил тод биш. Үүнээс үүдэж тухайн байрыг худалдаж авч байгаа хүнд хүндрэл үүсэж байна. Тиймээс СӨХ-ны төлбөрөө төлж барагдуулсны дараачаар нэр шилжүүлэх хэрэгтэй. СӨХ-ны төлбөр төлөгдсөн эсэх талаар мэдээллийг цахимжуулах зэргээр шийдэх хэрэгтэй байна” гэсэн юм.  

Өнөөдрийн хэрэглэгдэж байгаа хууль дээр өмчлөгч байраа шилжүүлэх гэж байгаа бол СӨХ-ндоо мэдэгдэж, тодорхойлолт авах хэрэгтэй гэж заасан байдаг аж. Гэтэл энэ нь мөрдөгдөхгүй байгаагаас байрны эзэн  солигдож байгааг СӨХ мэдэх аргагүй байгаа учир энэ асуудалд нарийвчлан анхаарах хэрэгтэй байна гэдгийг оролцогчид хэлж байлаа.

“СӨХ-ны төлбөр үйл ажиллагааныхаа зардалд хүрэлцдэггүй”

Түүнчлэн СӨХ-ны төлбөр бага байдгаас үүдэж ихэнх тохиолдолд төсөв нь үйл ажиллагааныхаа зардалд хүрэлцдэггүй. Тиймээс оршин суугчид ямар үйлчилгээ авмаар байгаагийнхаа хэрээр төлбөр төлөх ёстой хэмээн БЗД-ийн сууц өмчлөгчдийн холбооны зүгээс хэлж байлаа.

Нийслэлийн зүгээс СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг цааш нь шинэчилж, сайжруулаад явах хэрэгтэй. СӨХ-ны эрхзүйн байдлыг илүү тодорхой, ойлгомжтой болгоно гэдгээ илэрхийлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
БУРУУ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
39 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг