Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Камчаткийн хойгт галт уул дэлбэрч, үнс нурам 20 км өндөрт цацагджээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагийн өглөө Камчаткийн хойгийн Шивелуч галт уул дэлбэрч, үнс нурам нь далайн түвшнээс дээш 20 км хүртэл өндөрт цацагдсан тухай Оросын Шинжлэх Ухааны Академийн Геофизикийн хүрээлэн мэдээлжээ.

Газар хөдлөлтийн идэвхжил орон нутгийн цагаар Мягмар гарагийн шөнийн 12:54 цагт бүртгэгдсэний дараа дэлбэрэлт эхэлсэн байна. Үүнээс хойш 15 цагийн дараа ч галт уул үргэлжлэн дэлбэрсээр байжээ.

Тэнгэрт үнс нурамнаас тогтсон асар том үүл хуралдаж, галт уулаас 90 км зайтай оршдог Усть-Камчатский тосгоны гудамж талбай, автомашинууд үнсэнд дарагдсаныг сошиал сүлжээнд тарсан зураг, дүрс бичлэгүүд харуулж байна.

зураг
 
зураг
 

Хиймэл дагуулаас авсан зургаас үзвэл тэнгэрт тогтсон үүл 400 ба 250 км харьцаатай талбайг эзэлж, галт уулаас баруун ба өмнө зүгт тархсан байна.

Оросын Шинжлэх Ухааны Академийн алс дорнодын салбар гамшгийн аюулын зэрэглэлийг “улаан” буюу хамгийн өндөр түвшинд шилжүүлжээ. Энэ тохиолдолд тухайн бүс нутгийн агаарын орон зайд онгоцоор нислэг үйлдэхийг хориглодог.

Галт уулаас урссан халуун хайлмаг 20 км зайд хүрч, Петропавловск-Камчатский ба Усть-Камчатский чиглэлийн авто замыг эвдсэн тухай ТАСС агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалж: CNN