Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн 44 байршлын тоглоомын талбайд хяналт шалгалт хийхэд 60% нь эрсдэлтэй байна

П.Зоригт, IKON.MN
2023 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. 

Энэ үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга 20 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 80 орчим хувьтай байгааг албаныхан мэдээлэв. 

Тодруулбал, стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй амралт, хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалтыг дүүрэг бүр зохион байгуулж, стандартыг мөрдүүлэх чиглэлээр эзэмшигч, ашиглагч байгууллагуудад зөвлөмж, мэдэгдэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. 

Энэ дагуу нийт 44 байршлын тоглоомын талбайд хяналт шалгалт хийхэд 60 хувь нь эрсдэлтэй байжээ. Тоглоомын талбай бүрэн бус, эвдрэл ихтэй, тоглоомууд стандартын бус, хуучирч муудан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, гулсуур хэт налуу зэрэг нийтлэг зөрчил илэрч, хяналт шалгалт үргэлжилж байна.

Түүнчлэн худалдаа, үйлчилгээний газар болон гадна хаяг, хаягийн байгууламжийн стандартыг хангуулах, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүй байршуулсан, урагдсан, өнгө үзэмжгүй хаяг, зар сурталчилгааны байгууламжуудыг буулгах ажлаа эрчимжүүлж ажиллах үүрэг өгсөн.

Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй 1,259 байгууламжийг буулгаж, 2,858 мэдэгдэл хүргүүлээд байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.