Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Бахмутын ойролцоо Оросын довтолгоо суларч, Украинчууд сөрөг довтолгоонд бэлдэж байна

Т.Давааням, ikon.mn
2023 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Олон сарын турш Донецк мужийн Бахмут хотыг хамгаалж буй Украины армийн командлагч сөрөг довтолгоонд бэлдэж байгаагаа мэдэгджээ.

Сүүлийн 24 цагийн дотор Бахмут, Лиман, Авдивка, Мариинка, Шахтерск хотууд руу Оросын арми 80 орчим удаа довтолсныг няцааж, нийт 1,020 цэргийг нь устгаснаа Украины зэвсэгт хүчний төв штаб өчигдөр мэдээлсэн байна.

Оросын Вагнер группийн хүч илт суларч, нөөцөө шавхаж эхэлсэн тухай ярьсан Украины хуурай замын цэргийн командлагч Олександр Сирський “Тун удахгүй бид энэ боломжийг ашиглан өмнө нь Киев, Харьков, Балаклия, Купянскийн дэргэд гаргасан амжилтаа давтах болно” гэж мэдэгджээ.

Эдгээр нь өнгөрсөн онд сөрөг довтолгоо амжилттай болж байсан хотуудын нэр юм.

Сүүлийн хоёр өдрийн хугацаанд Бахмутын хойд захад оршдог Соледар хотыг бөмбөгдөх тоо эрс цөөрснийг тэнд тулалдаж буй Украины армийн эх сурвалж мэдээлсэн байна.

“Долоо хоногийн өмнө энд маш хүнд байсан. Харин сүүлийн гурван өдөр нам гүм байна. Бид үүнийг дайсны агаарын цохилтоос мэдэрдэг. Өмнө нь өдөрт 5-6 удаа агаарын цохилт өгдөг байсан бол өнөөдөр нисдэг тэргээр нэг л удаа довтоллоо” гэж эх сурвалж ярьжээ.

Өчигдөр Украины ерөнхийлөгч Володимир Зеленский зэр зэвсгийн нийлүүлэлтээ түргэсгэж, Оросын эрх баригчдын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахыг Европын түншүүддээ уриалсан юм.

“Хэрвээ Европ биднийг хүлээлгэвэл дайснууд хүчээ зузаатгаж, дайныг олон жилээр сунжруулах боломж гарна” гэж тэр Европын удирдагчдад хандсан видео мэдэгдэлдээ анхааруулжээ.

Энэ долоо хоногийн эхээр Европын орнуудын гадаад хэргийн сайд нар нийтдээ нэг сая их бууны сумыг энэ онд багтаан Украинд нийлүүлэхээр тохиролцсон юм.

Их Британийн засгийн газар бас ураны хаягдлаар үйлдвэрлэдэг хуяг нэвтлэгч их бууны сум Украинд илгээх шийдвэр гаргасан. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үүнийг цөмийн зэвсгийн бүрэлдэхүүн хэсгийг дайнд ашиглаж эхэлсэнд тооцохоо анхааруулаад байгаа.

Уран баяжуулах явцад гарсан дайвар бүтээгдэхүүнээр үйлдвэрлэсэн ийм сум маш хатуу болдог ба орчин үеийн ямар ч танкийн хуягийг зад цохих чадвартай юм байна.

Словак улс Пүрэв гарагт өөрийн армийн нөөцөд байсан Зөвлөлтийн үеийн дөрвөн ширхэг МиГ-29 сөнөөгч онгоцыг Украинд хүлээлгэн өгсөн юм. Сар хүрэхгүй хугацааны дотор нэмж онгоцнууд нийлүүлэхээ Словакийн эрх баригчид мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters