Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

С.Батсайхан: Улаанбаатарын хувьд хоёр минутын дотор газар хөдлөлтийн эхний таамгийг дэвшүүлж, мэдээллээ тараадаг

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Газар хөдлөлтийг хэр хурдан хугацаанд иргэдэд мэдээлэх боломжтой талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, доктор С.Батсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Одон орон, геофизикийн хүрээлэнгийн газар хөдлөлийн салбар 1957 онд байгуулагдсан. Энэ цагаас хойш багажийн судалгаа явуулж, монгол оронд болж буй газар хөдлөлтийг бүртгэж байв.

1994 оноос тоон мэдээллийн шугамаар, интернэтээр мэдээллийг төв рүү өгдөг болсон. Өнөөдрийн байдлаар 70 байршилд газар хөдлөлтийн судалгааны 140 гаруй станцтай. Энэхүү станцуудаараа Монгол Улсад газар хөдлөлт болсон тохиолдолд хугацаа алдалгүй зарлаж байгаа.

Улаанбаатар хотын хувьд хоёр минутын дотор хэдэн баллын хүчтэй газар хөдөлсөн гэдэг эхний таамгийг дэвшүүлж, 10 минутын дотор нарийвчилж үзээд мэдээллээ тараадаг.

Түүнээс гадна ойр орчимд болж байгаа газар хөдлөлтийн чичирхийллийг иргэд мэдэрсэн.

Газар хөдлөлт судлаачид 5 магнитудын газар хөдлөлт хэд, хэд болсны дараа 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бий шүү гэдэг дохио өгдөг.

Монгол Улсад 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт 1991 онд болсон. Мөн 2021 онд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Тэгэхээр 7 гарсан магнитудын газар хөдлөлт болох магадлал маш өндөр гэдгийг харуулж байна" хэмээн тайлбарлав.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 98% нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаардаг бөгөөд 1995-2009 онд нийт 600 гаруй сулавтар хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

Нийслэлд 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөхөд төвийн зургаан дүүргийн барилга байгууламжийн нурах магадлал, хохирлын хэмжээ 22-48 хувьтай, гэр хороололд 81 хувьтай хэмээн тооцоолжээ.