Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хэвлэлийн магнат Руперт Мердок 92 насандаа тав дахь удаагаа гэрлэхээр болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хэвлэлийн магнат 92 настай Руперт Мердок өчигдөр өөрийн эзэмшлийн Нью-Йорк Пост сонинд нийтлэгдсэн ярилцлагадаа тав дахь удаагаа гэрлэхээр сүй тавьсан тухай ярьжээ.

Тэрбээр энэ удаа Америкийн кантри дуучин, хэвлэл мэдээллийн менежэр агсан Честер Смитийн бэлэвсэн эхнэр, Сан-Франциско хотын цагдаагийн ажилтан асан 66 настай Энн Лэсли Смиттэй гэрлэх юм байна.

“Миний сэтгэл их хөдөлж байна. Би дахиж дурлахаас айдаг байлаа. Гэхдээ энэ миний сүүлчийн гэрлэлт гэдгийг би мэдэж байна. Ингэсэн нь дээр. Би аз жаргалтай байна” гэж Мердок ярьжээ.

Тэрбээр дөрөв дэх эхнэр модель Жерри Холлтой зургаан жил хамт амьдарсны дараа өнгөрсөн онд салж байв.

Австралийн иргэн Мердокын эзэмшилд The Wall Street Journal, Fox News зэрэг нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байдаг. Түүний хөрөнгийн хэмжээг Форбс сэтгүүл $20 тэрбум гэж тооцоолсон нь бий.

Мердок өнгөрсөн онд Калифорни дахь дарсны эзэмшилдээ зохион байгуулсан үдэшлэг дээр шинэ сүйт бүсгүйтэйгээ танилцаж байжээ. Удалгүй тэд “амьдралын хоёр дахь хагасаа хамтдаа өнгөрүүлэхээр шийдсэн” тухай тэр ярьсан байна.

Хос хоёр хуримаа ирэх зун хийж, цаашдаа АНУ, Их Британийн дунд нүүдэллэн амьдрахаар төлөвлөжээ.

Мердок нийт зургаан хүүхэдтэй. Түүний анхны эхнэр Австралийн онгоцны үйлчлэгч Патрисиа Бүүкер байсан ба тэд 1960-аад оны сүүлээр салж байжээ.

Хоёр дахь эхнэр, сонины сэтгүүлч Аннатай тэр 30 гаруй жил хамт амьдраад 1999 онд салсан юм. Гурав дахь эхнэр Вэнди Дэнээсээ 2013 онд салж байжээ.

 

Эх сурвалж: AFP