Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Баянмөнх: Бага өртгөөр цадах боломжтой хоол хүнс хэрэглэх нь таргалалтад нөлөөлдөг

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд жилийн турш зохион байгуулах талаар Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ. 

Энэ үеэр монголчуудын таргалалтын шалтгаан, хоол хүнсний зохистой хэрэглээний талаар Спортын олон улсын хэмжээний мастер, дасгалжуулагч Ж.Баянмөнх мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Өнөөдөр манай улсын хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй, 100 хүн тутмын нэг нь чихрийн шижин өвчтэй байгаа юм. Түүнчлэн өсвөр насны хүүхдүүдийн таргалалт нэмэгдсээр байна.

Бодит статистикаас харвал, хүн төрөлхтөн түүхэндээ одоогийнх шигээ таргалалттай байж үзээгүй. Гэвч 1970-2010 оны хооронд дэлхийн хүн амын таргалалт огцом нэмэгдсэн байдаг. Энэ нь нүүрс усны хэрэглээтэй холбоотой.

Монголчуудын хувьд эрүүл, зөв хооллолтын мэдлэг дутмаг бөгөөд шим тэжээлийн талаарх ойлголтгүй учраас буруу хооллодог. Энэ нь бидний таргалалтын үндсэн шалтгаан болдог.

Нөгөө талаас хөдөлгөөний дутагдлын талаар хүмүүсийн дунд нийтлэг буруу ойлголт байдаг. "Турмаар байгаа ч дасгал хийх зав байдаггүй" гэж ихэнх хүн ярьдаг. Яг үнэндээ өдөрт хийж буй дасгал хөдөлгөөн нь бидний нийт энергийн ердөө тавхан хувийг эзэлдэг. Дасгал хөдөлгөөн хийснээр цусны эргэлт сайжирдаг, дархлааг дэмждэг. Сэтгэл санаанд эерэг нөлөөлөх гайхалтай давуу талтай" гэв. 

"Өглөөний цайндаа юу идэх нь чухал болохоос юу ч хамаагүй идэх нь тустай биш"

Үргэлжлүүлэн "Нийгмийн ядуурал таргалалтын хамгийн том шалтгаан болдог. Яагаад гэвэл, бага өртгөөр өдөрт цадах боломжтой хоол хүнс бол гурил, гурилан бүтээгдэхүүн. Энэ нь маш их нүүрс ус агуулдаг. 

Түүнчлэн буруу мэдээ мэдээлэл таргалалтын шалтгаан болж байна. "Та аль болох олон удаа хоолловол жингээ хасна" гэдэг нийтлэг буруу ойлголт бий. Мөн өглөөний цайтай холбоотой ташаа мэдээ мэдээлэл байдаг. Тухайлбал, өглөөний цайг тогтмол ууж байх ёстой. Энэ нь жингээ барихад нөлөөлдөг гэж хэлдэг. 

Яг үнэндээ судалгаагаар авч үзвэл, өглөөний цайндаа юу идэх нь чухал болохоос юу ч хамаагүй идэх нь тустай биш. 

Дээрх шалтгаануудыг авч үзээд нийгмийн хариуцлагын хүрээнд миний бие монголчуудын таргалалтын шалтгаан, дасгал хөдөлгөөнийг өдөр тутамдаа хэрхэн хэвшүүлэх, эрүүл, шим тэжээлтэй хоол хүнсийг хэрхэн хялбар замаар авах боломжтой талаар байгаа бололцоо, Монголын одоо байгаа нөхцөлд тохируулан контент бэлтгэн хүргэх болно" гэлээ.