Уншиж байна ...
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Аливаа ажлыг зохион байгуулахдаа зарим хүүхдийн сэтгэл зүйд яаж тусахыг боловсролын салбарынхан анхаарах ёстой"

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Цэргийн өдрийг тохиолдуулан зарим нэр бүхий аймгийн сургууль, номын сангаас “Аавдаа хэлэх чин сэтгэлийн үг” нэртэй зохион бичлэгийн уралдаан зохион байгуулах удирдамжийг сургуулийн захирал, соёлын төвийн эрхлэгч нар гаргажээ. 

Энэ талаар Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсандаа байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Аливаа ажлыг зохион байгуулахдаа зарим хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн яаж тусахыг анхаарч ажиллах ёстой. Энэ удаад аймаг, сумдын сургууль, номын сангийн нэрийг зарлахыг гол болгосонгүй гэдгийг анхаарч, цаашдынхаа үйл ажиллагааг бодолцож, засаж залруулна биз ээ.

Би яг хоёр жилийн өмнө, энэ өдөр “Баяр тохиолдуулан ээждээ захидал бичдэг, аавын тухай зохион бичлэг хийдэг “аян”-уудыг зогсооё, ядаж нэрийг нь өөрчилье. Энэ бол хуучин коммунист харгислал. Аавгүй, ээжгүй хүүхдүүд олон бий. Хүүхдийг хамт олных нь дунд багаас нь ийм ялгаатай, дутуу байдал мэдрүүлж өсгөж болохгүй” гэх үгийг олон нийтэд хүргэсэн.

Хүүхдүүдийн эрхийг дээдлэх ёстой салбарын сайдын хувьд энэ асуудлыг анхаарахгүй орхиж болохгүй.

Өнөөдөр цэцэрлэгт хагас, бүтэн өнчин 1,886 хүүхэд, ЕБС-д гэхэд зөвхөн бүтэн өнчин хүүхдийн тоо 1,571 байдаг. Үүнд хагас өнчин, ямар нэгэн шалтгаанаар ээж, аавгүй өсөж байгаа хүүхдийн тоо ороогүй.

Энэ тоог харахаар бид хүүхэд бүрийн сэтгэл зүйг бодолцохгүй өнгөрч болохгүй эмзэг асуудал юм шүү. Ер нь цаашдаа эцэг эхийн хурал гэдэг нэршлээс ч бүрмөсөн татгалзах ёстой" гэжээ.