Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн засварын төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Төслийг Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд уг ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ч.Ундрам оролцов.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн хичээлийн байр нь олон жилийн эдэлгээний явцад цэвэр бохир усны шугамаас ус алдаж, хуучирч муудсан угаалтуур болон суултуур эвдэрч, цахилгаан монтаж гэмтэл үүсгэдэг зэрэг асуудал үүсжээ. Төсөл хэрэгжсэнээр тус сургуулийн сурагчид байнга эрүүл, аюулгүй орчинд суралцах боломжтой болох юм.
Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өнөөдрийг хүртэл 33 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 590 дэх, Сэлэнгэ аймагт хэрэгжих 26 дахь төсөл болж байна.
Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 201,890 ам.доллар буюу 684,231,715 орчим төгрөг юм.
Эх сурвалж: Япон улсын Элчин сайдын яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!