ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Сөүл хот эмэгтэй жолоочийн тусгай авто зогсоолуудаа нийтийн зориулалттай болгон өөрчилнө

Э.Сэмүүн, ikon.mn
2023 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа 14 жилийн өмнө зөвхөн эмэгтэй жолооч нарт зориулагдсан автомашины зогсоолуудтай болох зохицуулалтыг нэвтрүүлж байжээ.

Харин энэ оноос эхлэн уг журмаа цуцалж, тусгай зогсоолуудыг нийтийн зориулалттай болгон өөрчилж байгааг саяхан мэдээлсэн байна.

Тухайн үед эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг, ялангуяа газар доорх авто зогсоолуудад ихэнхдээ гарах болсон тул ийм арга хэмжээ авч байжээ. 30-аас дээш автомашины багтаамжтай далд зогсоолуудын 10 хувь нь ядаж эмэгтэйчүүдэд зориулагдах журамтай болсон юм.

Ийм зогсоолууд ягаан өнгийн хүрээтэй, эмэгтэй хүйсийг илтгэсэн зураг тэмдэглэгээтэй, зарим тохиолдолд стандарт хэмжээнээс илүү өргөн, урт байдаг. Бас орох гарахад хялбар, хаалганд ойр байх нөхцөлтэй байжээ.

Гэвч энэ нь хүйсээр ялгаварласан, эмэгтэйчүүд муу жолооч гэх сөрөг ойлголтыг гүнзгийрүүлсэн агуулгатай гэсэн шүүмжлэл олон жилийн турш яригдсаар байсан юм.

Харин энэ оноос эхлэн эдгээр зогсоолууд гэр бүлийн зориулалттай болж байгаа ажээ. Тухайлбал жолоочийн хүйс хамаарахгүйгээр жирэмсэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд тээвэрлэж буй автомашинууд давуу эрхтэй зогсохоор болж байна.

Ирэх сараас Сөүл хотын нийтийн зогсоолуудыг өөрчлөх ажлыг эхлүүлэхээр болжээ. Одоогоор тус хотод нийтдээ 16,640 автомашины багтаамжтай нийтийн зогсоол байдгаас 1,988 нь эмэгтэйчүүдэд зориулагдсан байдаг гэнэ.

 

Эх сурвалж: Korea Times