Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеландын парламент “сүрдүүлсэн” утгатай бүжиг хийсэн үндэслэлээр гурван гишүүнээ түдгэлзүүлэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн онд болсон хуулийн хэлэлцүүлгийн үеэр өвөрмөц аргаар эсэргүүцэл үзүүлсэн маори гаралтай гурван гишүүнээ түдгэлзүүлэх шийдвэрийг Шинэ Зеландын парламент гаргажээ.

Парламентын танхимд Маори үндэстний уламжлалт хака бүжиг хийсэн сөрөг хүчний төлөөлөл Хана Равити Маипи Кларкийн гишүүний статусыг долоон өдөр, түүний харьяалагддаг уугуул иргэдийн намын удирдагчид болох Равири Ваитити, Дэбби Нгарева Пакер нарын статусыг тус тус 21 өдөр түдгэлзүүлзэх шийдвэр гарсан байна.

Шинэ Зеланд улсын үндэс суурь болдог уугуул Маори үндэстэнтэй байгуулсан гэрээг шинэчлэх хуулийг тэд ийм аргаар эсэргүүцэж байжээ.

Арваннэгдүгээр сард хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болох үеэр парламентын ордны гадаа 40,000 гаруй хүн эсэргүүцэн жагсаж байв.

Статусаа түдгэлзүүлсэн гишүүд өчигдрийн шийдвэрийг “маори хүн байсныхаа төлөө шийтгүүллээ”, “арьс өнгөөр ялгаварлах үзэл гаргалаа” гэх зэргээр шүүмжилжээ.

Ерөнхий сайд Кристофер Лаксон дээрх шүүмжүүдийг няцааж, зөвхөн парламентын дүрэм журмыг сахиагүйтэй холбоотой авсан арга хэмжээ гэж тайлбарласан юм.

Шийтгэл оноох асуудлын хэлэлцүүлэг нэлээд ширүүн уур амьсгалтай өрнөж, маори гишүүдийг “хэт даврагчид” гэж нэрлэсэн Шинэ Зеландын гадаад хэргийн сайд Уинстон Питерсийг уучлал гуйхыг хэсэг гишүүд шаардаж байв.

Шийтгүүлэгчдийн нэг болох хамгийн залуу парламентын гишүүн 22 настай Маипи Кларк “Бид хэзээ ч дуугаа цагдуулахгүй. Энэ танхимд бидний дуу хоолой хэтэрхий чанга байна уу? Үүний төлөө л бид шийтгүүлж байгаа юм уу” гэх зэргээр бухимдлаа илэрхийлжээ.

Тэдний хийсэн хака бүжиг парламентын үйл ажиллагааг тасалдуулж, хууль тогтоогчдыг “айлгасан байж болзошгүй” гэх дүгнэлтийг өнгөрсөн сард уг асуудлыг шалгасан байнгын хороо гаргаж байв.

Өчигдөр гаргасан шийдвэр нь Шинэ Зеландын парламентын түүхэнд хамгийн урт хугацаагаар түдгэлзүүлсэн тохиолдол болжээ.

Өмнө нь хамгийн уртдаа нэг гишүүнийг гурван өдөр түдгэлзүүлж байсан юм байна.

Шинэ Зеланд улс нь нутгийн уугуул иргэдийн эрхийг хамгийн сайн дээдэлдэг хэмээн магтагдаж ирсэн түүхтэй. Гэвч ерөнхий сайд Лаксоны тэргүүлсэн консерватив засгийн газрын үед эрх баригчдын Маори үндэстэнтэй харилцах харилцаа муудаад байгаа.

Түүний засгийн газар Маори хүмүүст чиглэсэн тусгай хөтөлбөрүүдийн санхүүжилтийг танаж, тэдэнд үйлчилдэг байгууллагуудыг татан буулгахаар төлөвлөснийхөө төлөө шүүмжлүүлэх болсон.

Сүүлд маргаан дагуулсан хуулийн төсөл нь 1840 онд Их Британийн хаант улс болон уугуул Маори овгийн удирдагчдын хооронд байгуулсан Вайтангийн Гэрээг шинэчлэх зорилготой байв.

Эрх баригчид энэхүү гэрээ орчин үеийн нийгэмд тохирохгүй болсон, Шинэ Зеландын олон янзын гарал угсаатнуудыг ялгаварлан гадуурхсан агуулгатай гэж үндэслэлээ тайлбарладаг.

Гэвч Маори үндэстнүүд уг хуулийг өөрсдийнх нь эрх ашгийг хөндөнө гэж үзэж байна.

Хуулийн төслийг дөрөвдүгээр сард эцэслэн хэлэлцэхэд Шинэ Зеландын парламентын 123 гишүүний 112 нь дэмжжээ.

 

Эх сурвалж: BBC