Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрчим хүчний салбарт нутаг ус, НАМ ДАГАСАН томилгоо маш их. Даргаас эхлээд үйлчлэгчийг хүртэл сольж байна"

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарт ихэнхдээ нам дагасан улс төрийн томилгоо хийдэг асуудлыг шүүмжилж, шаардлага хүргүүлэх тухайгаа өчигдөр мэдэгдсэн. 

Тэдний зүгээс "Манай салбарт цалин хөлс хангалтгүй бөгөөд нийгмийн хамгаалал баталгаагүй. Үүнээс гадна ажиллах орчин, ажлын нөхцөл аюултай буюу эрсдэл маш өндөр.

Эрчим Хүчний Яам, Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос “Бид нарт өнөөдөр боломж нь ийм байна. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе. Та бүхний цалинг ийм хэмжээнд л нэмэх боломжтой” гэдгийг байнга ярьж ам таглаж ирсэн.

Эрчим хүчний салбарт ажиллаж байгаа ажилтнууд өнөөдөр хагас цэрэгжилттэй байдаг. Тэнд ямар нэгэн байдлаар аваар осол гарахад заавал зогсоох үүргийг дүрмээр хүлээдэг.

Өнөөдөр эрчим хүчний салбарын техник, технологи 30, 40, 60 жил болчихсон. Инженер, техникийн ажилтнуудын хүчээр өнөөдрийн ажил үргэлжилж байна.

Тодорхой шаардлагуудаа хүргээд ийм нөхцөл байдал үүсээд байна шүү гэдгийг мэдэгдсээр байхад анхааралдаа аваагүй, тоож үзээгүй. Цаашид осол аваар гарах нь цаг хугацааны асуудал. Энэ бол тодорхой зүйл. Ийм ажлын байранд хэн ажиллах вэ?

Салбарын ажилтнуудын санал, шаардлагыг төр засаг ойлгох ёстой.

Мэдээж техник, технологийг машины дугуй сольж байгаа юм шиг шууд шинэчлэх боломжгүй. Гэхдээ маш их цаг хугацаа өнгөрсөн шүү дээ. Зөндөө сануулсан, удаа дараа анхааруулж байсан.

Өмнө нь үйлдвэрлэлийн ослоор амь нас эрсэдсэн хүмүүсийн тоо ч үүнийг анхааруулж байгаа болов уу. Монгол хүн ажил мэргэжлээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсаар байх юм уу?

Цалин хөлсийг нь хангалттай нэмэгдүүлж, насжилт өндөртэй буюу өнөө маргаашгүй зогсох болчихсон техник, технологийнхоо засвар үйлчилгээг нэн даруй хийх дээрх хоёр шаардлагыг өмнө нь тавьж байсан. 

Гэтэл өнөөдөр тэр үнэ тарифын нэмэгдлээр орж ирсэн мөнгө нь яг юунд зарцуулагдаад байгаа юм бэ?

Асуухаар шинэ эрчим хүчний эх үүсвэрт зарцуулж байна гэдэг. Өнөөдөр шинээр эрчим хүчний эх үүсвэр бий болох шаардлага байгаа юу? Байгаа.

Гэхдээ тэрийг ганцхан өнөөдөр шийдэх асуудал биш. Үүнийг засаг бодлогоороо хэдэн жилийн турш шат дараатай хийчихсэн байх ёстой" гэв. 

"Сайд солигдох болгонд цахилгаан удирдлагын дарга, санхүүг сольж байна"

Үргэлжлүүлэн Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат ажлын байранд мэргэжлийн хүмүүс биш, нам дагасан томилгоо хийдэг асуудлыг шүүмжлэв.



Тэрбээр "Яам бодлогын бүх асуудлаас хойш суусан.

Компанийн засаглалыг сайжруулна, бүтэц зохион байгуулалтыг анхаарна гэчхээд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт бүх асуудлаа тохоод сүүлдээ "Эрчис Монгол" гэх компани байгуулсан. "Төрийн өмчит бүх компаниудаа тэндээ зангидна" гэж мэдэгдсэн.

Энэ хүртэл хугацаанд Эрчим хүчний сайд дээрх бүх асуудлыг хариуцаж ирсэн. Гэтэл өнөөдөр Эрчим хүчний сайд нь гурван сард байгуулсан "Эрчис Монгол" гэдэг компани руугаа хариуцлагаа шидээд сууж байдаг. 

Ийм том асуудал үүсээд эрчим хүчний салбарт аюулгүй байдал алдагдчихаад байхад өнөөдөр тэр том реформ, тэр том шадар сайд нар бүгд ТАГ ДУУГҮЙ. 

Сүүлдээ сайд болон "Эрчис Монгол" компани хоорондоо үг хаялцаад шидээд зогсож байна. “Би хариуцахгүй, чи хариуц” гэж хариуцлагаас зугтааж байна.

Ийм засаглалын хямрал өнөөдөр эрчим хүчний салбарт бодитоор нүүрлэлээ. Ажиллах хүчээ бодсон нэг ч шийдвэр гаргахаа больсон.

Ажиллах хүчээ бодсон томилгоонууд хийхээ больсон. Мэргэжлийн бус томилгоонуудыг маш их хийдэг болсон.

Төрийн хэмнэлтийн хуулиа зөрчөөд бүтээмжийн менежер, хяналтын менежерийг томилсон. Эдгээр хүн бүгд намын харьяалалтай. Мэргэжлийн бус хүмүүс ирсэн.

Өнөөдөр тэдгээр хүмүүс очоод юу хийсэн бэ? Очоод хяналт, шалгалт тавьж чадсан уу гэвэл үгүй.

Ийм нам дагасан хүмүүс ирээд ажлаа хийж байгаа ажилчдыг дарамталсан, ажлыг зөв зохион байгуулалттай удирдаж бүтээмж чанарыг сайжруулж чадаагүй. Харин ч одоо өөр хоорондоо асуудлаа шидэлцээд сууж байдаг. 

Ажиллах хүчнийхээ асуудлыг шийдэхдээ зөвхөн намын томилгоо.

Дарга нар нь солигддог байсан бол одоо бүр намын даргыг дагаж инженер, техникийн ажилчид нь солигддог болсон. Бүр үйлчилгээний ажилчид хүртэл намын даргыг дагаж солигдоход хүрлээ. 

Сайд солигдох болгонд цахилгаан удирдлагын дарга, санхүүг сольж байгаа. Энэ байгууллагыг тогтвортой ажиллуулахад нөлөөлдөг албан тушаалтнууд байнга солигдоно.

Тэд нарыг солиод нутаг усныхаа томилгоог, намын томилгоог хийж байна шүү дээ. Дараагийн дарга ирэхэд дахиад өөр хүмүүс авчраад тавьчихдаг. Нөгөө хуучин байсан хүмүүс нь явдаггүй, үлддэг. Улмаар данхар бүтэц бий болдог. Хөрөнгө мөнгө илүү зарцуулдаг. Үр ашиггүй тогтолцоо хэвээр үргэлжилсээр.

Өнгөрсөн жилүүдэд энэ тогтолцоог халах нэг ч бодлого хийсэнгүй. Өнөөдөр ажиллах хүчнийхээ төлөө нэг ч шийдвэрийг САЛБАРЫН САЙД нь гаргасангүй ээ.

Энэ бүхний шалтгаан нь өнөөгийн асуудал болж гарч ирж байгаа юм. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ноцтой зөрчиж байна. Үүний улмаас тэнд хүний амь нас тэнд хохирч байна. 

Шийдвэр гаргахдаа “Та нар аюулгүй байдлаа хангаж ажиллах ёстой. Та нар хийх ёстой” гэж ярих биш, “Та нарыг аюулгүй нөхцөлд бид ажиллуулах ёстой” гэж нэг нь ч дуугараагүй. Сайд, дарга нар өнөөдөр тэр бүхнийхээ хариуцлагыг хүлээх ёстой.

Асуудлыг хоорондоо шидэлцдэг биш, засаглалаа сайжруулах ёстой.

Эрчим хүчний салбар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангаж, түрүүлж хөгжих учиртай салбар. Тиймээс ажиллах хүчээ зөв удирдан зохион байгуулдаг яамтай байх ёстой. Үүний төлөө Үйлдвэрчний Эвлэлийн байгууллага шаардаж, шахаж ажиллах болно" гэв.