Оросын эрх баригчид цагаач ажилчдын биометрикийн мэдээллийг бүртгэж, байршил, шилжилт хөдөлгөөнийг нь гар утсаар дамжуулан хянах шинэ систем нэвтрүүлэхээр бэлдэж байна.
Өнгөрсөн сард төрийн Думын баталсан хуулиар бол энэ систем ирэх есдүгээр сараас цагаач ажилчид хамгийн их төвлөрдөг Москва хот орчмоос хэрэгжиж эхлэх ба дөрвөн жилийн дотор нийт улс даяар хэрэгжих юм байна.
ОХУ-д визгүй нэвтэрсэн гадаад орны иргэд удахгүй тус улсын засгийн газраас гаргасан аппликэйшнийг гар утсандаа заавал суулгах ёстой болох гэнэ. Үүгээр дамжуулан газар зүйн байршил, шилжилт хөдөлгөөнийг нь тасралтгүй хянах юм байна.
Хэрвээ байршлын мэдээллээ гурваас дээш хоног илгээгээгүй бол баривчлах, албадан гаргах хүртэл арга хэмжээ авах юм.
Энэ хяналтаас зөвхөн насанд хүрээгүй хүмүүс, дипломатууд болон тэдний гэр бүлийнхэн, Беларусь улсын иргэд чөлөөлөгдөх ажээ.
Шинэ систем нь гадаадын иргэдтэй холбоотой зөрчил, гэмт хэргийн гаралтыг бууруулахад чиглэж байгааг төрийн Думын дарга Вячеслав Володин тайлбарласан юм.
Гэвч ажиглагчид үүнийг гадаадын цагаачдыг цэргийн албанд дайчлах зорилготой байж болзошгүй гэж сэжиглэж байна.
Саяхан Оросын Мөрдөн Байцаах Хорооны дарга Александр Бастрыкин цагаачид төвлөрдөг газруудад Дотоод хэргийн яам болон Үндэсний Гвардтай хамтран шалгалт явуулах төлөвлөгөөг зарласан юм.
Үүнийгээ ОХУ-ын иргэний харьяалалтай болсон ч цэргийн албанд бүртгүүлээгүй хүмүүсийг илрүүлэх зорилготой гэж тайлбарласан байна.
Ингэхдээ Бастрыкин ийм 80,000 орчим хүнийг өмнө нь баривчилсан, тэдгээрээс “ямар нэг шалтгаанаар Узбекистан, Тажикистан, Киргизстанд амьдрахыг хүсээгүй” 20,000 нь Украины фронтын шугам дээр байгааг ёжлон хэлж байжээ.
Эдийн засгийн хүндрэлийн улмаас Төв Азийн “стан” улсуудын иргэд олноороо ОХУ-д ажиллаж, амьжиргаагаа залгуулдаг.
Ялангуяа Тажикистаны цагаач ажилчид ийм замаар улсынхаа эдийн засагт мэдэгдэхүйц хувь нэмэр оруулдаг юм.
Гэхдээ Украины дайн эхэлснээс хойш Оросын эрх баригчид цагаач ажилчдад чиглэсэн бодлогоо улам чангатгах болсон.
2024 оны гуравдугаар сард Москва хотын Крокус Сити концертын танхимд гарсан террорист халдлагын дараа энэ нь улам эрчимжсэн юм.
Тухайлбал цагдаа нар цагаачдын амьдардаг байруудад нэгжлэг шалгалт байнга явуулж, тэдний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг буруугаар ашигласан албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэдэг болж, цагаачдын орос хэл мэддэггүй хүүхдүүдийг сургуульд элсүүлэхийг хориглох зэрэг арга хэмжээ авч байв.
Эх сурвалж: Radio Free Europe
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!