Үл нүүдэллэх үүлс ба сэвэлзэх дурсамжууд номын зохиогч Ч.Халиунтай ярилцлаа.
- Таны мэргэжил уран зохиолоос өөр салбарынх шүү дээ. Гэхдээ хүний сонирхол байж л байдаг. Тийм болохоор таныг шүлэг, өгүүллэг бичиж уран зохиолд дурлах болсон шалтгааны тухай яриагаа эхлүүлье гэж бодлоо.
Миний бага нас 90-ээд онд өнгөрсөн. Сонирхолтой үе л дээ. Өмнөх үеийн ах, эгч нар шиг зузаан роман, боть бариад өдөр шөнөгүй уншаагүй ч өөрийн хэмжээнд уншдаг байсан. Ном унших нь одоогийнхоор бол гар утасны хэрэглээг орлож байсан юм уу даа. Мөн уран зохиолын хичээлээр ном уншихыг шаарддаг байсан. Тэгээд л хүссэн ч, эс хүссэн ч номтой овоо зууралдсан.
Дунд ангиас хичээлийн хөтөлбөрт зохион бичлэг хийлгэдэг байжээ. Мундаг онц дүн авч байснаа санахгүй байна. Гэхдээ хичээлээ хийгээгүй гэж цоллуулдаггүй байсан. Тэр үеэс л жаахан юм цухалзаад байсан байх.
Яг идэвхтэй бичиж эхэлсэн нь гэвэл 2008 он. Би хорь гартлаа хагацлын зовлонг айхавтар мэдрээгүй өссөн. Харин гэнэт аавыгаа алдахад маш их зүйл бодогддог юм билээ. Тэрийгээ хүнд яриад явна гэхээр хэцүү. Тэгээд л бичиж эхэлсэн. Нэг мэдэхэд гуч орчим богино өгүүллэг, цөөн тооны шүлэгтэй болчихсон байлаа. Тэдгээрийгээ байгууллагынхаа (тухайн үед ажиллаж байсан) дотоод сүлжээнд байрлуулсан юм. Олон мянган ажилтантай байгууллага тул төдий хэмжээнд хүмүүст хүрсэн. Их сайхан хүлээж авсан. Урам өгсөн. Бүр санал шүүмж шиг сэтгэгдэл хүртэл бичсэн шүү.
- “Саарал” номыг уншиж байхад сэтгэл хөдөлгөсөн өгүүллэгүүд байдаг. Бичих сэдэл, санаагаа анх хаанаас “олж авч” байв?
Саарал номыг гаргахдаа зөвхөн ойрын хүрээний хүмүүстээ зориулж гаргасан юм. Одоо харахад алдсан оносон зүйл их бий. Гэхдээ анхны ном болохоор их хайртай байдаг. Би саарал өнгийг хорвоогийн хамгийн “үнэн” өнгө юм болов уу гэж боддог. Тиймээс номоо “Саарал” гэж нэрлэсэн. Зохиолуудын санааг олон газраас олж байсан. Ер нь зохиол бичигчид урд өмнө нь сонссон эсвэл өөрт нь болоод ойр орчимд нь тохиолдсон үйл явдал, тохиолдол, дурсамжуудаас санаа авч бичдэг. Олон алдартай зохиолчид үүнийг баталсан шүү дээ. Хэчнээн уран зөгнөлт, сюрреалист гэх мэт төрөл жанрын зохиол бүтээл байлаа ч бодит ертөнцийн бодит үйл явдлаас л санаа авдаг биз.
- “Саарал” номоос жишээ нь “Гурван дуу” өгүүллэг, бас одоо гаргаж буй шинэ номд дуу, хөгжим их том байр суурь эзэлжээ. Таны дуртай дуу, хамтлагийн тухай ярилцъя.
Гурван дууг бичихдээ би дунд сургуульд болсон нэг үйл явдлаас сэдэвлэсэн. Манай нэг найз өөр сургуулийнх хэр нь манай сургуулийн нэг охинтой сургуулийн диско дээр бүжиглэсэн юм. Тухайн үедээ л бидний ярианы сэдэв болж байсан. Түүнээс санаа авч цааш нь ургуулан бодож, төсөөлөн бичсэн өгүүллэг. Дуу хөгжмийн хувьд мөн л багаасаа л дуртай байсан. Өөрийгөө дуучин болчихсон байна гэж их төсөөлдөг тийм л хүүхэд байлаа. Сургуулийн урлагийн үзлэгт дуулах гэнэ.
Харамсалтай нь надад дуу хөгжмийн өчүүхэн төдий авьяас заяагаагүй юм билээ. Ёстой гомдмоор. Солгой хоолойтой бас сонсголгүй (инээв). Гэхдээ хэзээ ч дуу хөгжмөөс холдож байсангүй. Цаг үеэ дагаад сонголтууд өөрчлөгддөг ч зарим уран бүтээлчдээс хэзээ ч уйдаж залхаж байсангүй. Үүнийгээ ч шинэ номдоо чадахаараа шингээхийг хичээсэн. Ер нь би хуучин үеийн дуунуудад дуртай. Яагаад ч юм тэндээс хөгжим гэж яг ийм л байдаг байх гэсэн мэдрэмж төрдөг. Хүчтэй техник хэрэгсэл, программ хангамжаар бус цэвэр авьяас чадвараар тоглогдож үлдсэн тэдгээр дуу, хөгжмүүдийг шүтдэг. Жишээ нь Соёл-Эрдэнэ хамтлагийн бүтээлүүд байна. Яаж ч муулах боломжгүй бүтээлүүд шүү дээ.
/Гурван дуу өгүүллэг сонсох/
- Залуу зохиолчийн хувьд хоёр дахь номоо үргэлжилсэн үгээр, тэр дундаа “тууж” болгон гаргаж байгааг тань харахаар “энэ номоо аль эрт бодол дотроо биччихсэн байж ээ” гэж бодогдсон шүү? (өсвөр нас, тухайн үеийн нийгэм, хөгжим)
Зохиолч хэмээх нэршлээс эмээж байна шүү. Болдог бол бичигч гэвэл зүгээр юм уу. Аливаа зүйлийг эхлүүлнэ гэдэг зорилгынхоо талыг биелүүлж байна гэсэн үг байдаг шүү дээ. Ямар ч байсан эхлүүлсэндээ баярлаж байгаа. Номоо яг нэг жилийн хугацаанд бичсэн. Мэдээж өнөөх л сонссон, тохиолдсон үйл явдлууд, элдэв янзын дурсамжууд, өмнөх үеийн нийгмийн харилцаа гээд толгой дотор байсан олон зүйлийг ашиглаж бичсэн. Тэгэхээр зохиолын дүрүүд болоод үйл явдлын үндэс, суурийг нь толгойдоо босгочихсон байсан болов уу.
- Номын нэр их сонирхолтой санагдлаа. Номоо яагаад “Үл нүүдэллэх үүлс ба сэвэлзэх дурсамжууд” гэж нэрлэх болов?
Номын утга агуулгатай шууд холбогдсон нэр. Оршин буй цаг хугацаа хормын дараа дурсамж болчихдог. Сайхан муухай, чихэртэй давстай нь хамаагүй үхэн үхтэл сэтгэл зүрхийг хооллох тэр зүйл бол дурсамжууд. Зохиолын гол дүр ч тэр л замаар амьдарч байгаа тухай юм. Уншигчид номыг уншиж дуусаад нэрийн утгыг илүү ойлгох байх гэж найдаж байна.
- “Үл нүүдэллэх үүлс ба сэвэлзэх дурсамжууд” номоос анзаарагдсан бас нэг зүйл бол Улаанбаатар хотыг маш тод дүрсэлсэн явдал байсан. Тулгаж байгаа юм шиг шуудхан асуухад, энэ зохиол нөгөө талаараа таны төрсөн хотдоо зориулсан “хайрын захиа” мөн үү?
Уран зохиолын аливаа ном, зохиолд бодит байршил гарахад би маш их дуртай л даа. Жишээ нь Мүраками Харүки энэ тал дээр гайхамшигтай санагддаг. Түүний зохиол дээр гарах байршлуудыг ашиглаад Токио хотоор аялах боломжтой гэдэг үг ч байдаг. Бас Ж.К. Роуллингийн Харри Поттер дээр гардаг “King cross” буудал гэх мэт. Тиймээс би номдоо чадах ядахаараа “төрөлх хот”-ынхоо байр, байршлыг оруулахыг хичээсэн. Хайрын захиа гэвэл арай хэтийдсэн болох байх. Гэхдээ олон мундаг зохиолчид нутаг, усаа нүдэнд харагдтал дүрсэлсэн байдгийг бид мэднэ шүү дээ. Үүн лугаа 1990-ээд оны хотын тодорхой байр, байршлыг бодитоор дүрсэлж уншигчдынхаа дурсамжийг сэргээхийг хүссэн юм. Цаашид ч хэрвээ бичихээр бол “хайртай” хотынхоо тухай бичсээр байх болно.
- Саарал номоос надад “Дөчин мянгатын дугаар байрны гурван давхарт” өгүүллэг их гүн сэтгэгдэл төрүүлдэг. Зарим уншигч бодит үйл явдал гэж ойлгож болох юм. “Үл нүүдэллэх үүлс ба сэвэлзэх дурсамжууд” тууж ч бас тийм сэтгэгдэл төрүүлж магадгүй. Зохиолчид өөрт болсон явдлууд энэ номд хэр их байр суурь эзлэх вэ? Өөрөөр хэлбэл зарим дүрийг бодит хүнээс сэдэвлэсэн үү?
Би Дөчин мянгатын хүүхэд. Тиймээс дөчин мянгат гэдэг тооны нэртэй газар сэтгэлд минь үүрд тэргүүнд залрах болно. Тэр өгүүллэгийн хувьд гэвэл яг ч бодит амьдрал биш ч гэлээ бид бүгдийн мэддэг өнөөх л амьдралаас санаа авсан юм. Шинэ номын хувьд надад тохиолдсон үйл явдлууд бий. Мөн ойр орчмын найз, нөхдийн ч бодит үйл явдал бий. Ер нь яг бодит хүнээс санаа авсан хэд хэдэн дүр, үйл явдал байгаа юм байна шүү.
/Дөчин мянгатын дугаар байрын гурван давхарт өгүүллэг сонсох/
- Зохиолын гол дүр бугын толгойтой “ярилцаж” байгаа хэсэг их метафорлог санагдсан. Өөртэйгөө яриад байгаа ч юм шиг. Та бугаар юуг төлөөлүүлье гэж бодсон бэ?
Уншигч бүр өөрийнхөөрөө хүлээж аваасай гэж хүсэж байна. Төлөөлүүлэх гэхээсээ илүү хүнд хэн нэгэнтэй ярилцах хэрэгцээ шаардлага ямар их байдаг вэ гэдгийг тодорхойлох гэж хичээсэн.
- Дараагийн номоо бодчихсон байгаа юу?
Яг одоохондоо бодсон зүйл алга. Гэхдээ мэдээж бичсээр байх болно.
“90-ээд оны Улаанбаатар, нийгмийн асуудал, хөгжим, учрал, хагацал... Бүгд энэ ном дотор бий. Магадгүй танд энэ ном хэн нэгний намтар шиг, эсвэл таньдаг нэгний чинь амьдрал шиг санагдаж болох юм. Тэгвэл таны зөв. Энэ ном нэгэн үеийнхний өсвөр нас, хайр дурлалын намтар. Хийсвэр хэр нь хачин бодитой...”