Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Олны танил бүсгүй эцэгтээ алагдсаны дараа Иракийн иргэд хууль нэхэж жагсжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Иракийн дээд шүүхийн байрны гадна иргэд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг яаралтай батлахыг шаардан жагсжээ.

Онлайн ертөнцөд олны танил болсон бүсгүй өнгөрсөн долоо хоногт эцгийнхээ гарт алагдсан нь иргэдийг хууль нэхэж жагсахад хүргэсэн байна.

22 настай Тиба аль Али нэгдүгээр сарын 31-ний өдөр Иракийн өмнөд Диваниях муж дахь төрсөн гэртээ ирээд алагджээ.

Тэрбээр гэр бүлийн маргааны улмаас 2017 оноос хойш Турк улсад найз залуугийн хамт амьдарч байсан юм.

Өнгөрсөн хугацаанд тэр өөрийн түүх, амьдралын талаар ярьсан дүрс бичлэгээ YouTube платформд нийтэлж, олны дунд нэлээд алдаршаад байжээ.

Төрсөн ах нь бэлгийн дарамт үзүүлдэг байсныг ч тэр бас ярьж байсан юм.

Иракийн хууль зүйн яамны мэдээлснээр цагдаа нар бүсгүйг гэр бүлийнхэнтэйгээ эвлэрэхэд зуучилсан байна. Гэвч гэр бүлийнхээ нэр төрийг хамгаалах үүднээс охиноо боомилж алснаа эцэг нь өөрөө сүүлд цагдаад мэдээлжээ.

Ирак улс одоо болтол гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуульгүй байгаа. 2014 онд ийм хуулийн төслийг танилцуулахад “Иракийн нийгмийн бүтцийг эвдэх” аюултай гэсэн шалтгаанаар ихэнх улс төрчид эсэргүүцэж байжээ.

НҮБ, Эмнести Интернэшнл зэрэг олон улсын байгууллагууд дээрх аллагын дараа Иракийн эрх баригчдад яаралтай хууль батлахыг уриалсан юм.

Исламын шашны хуучинсаг үзэл суртал хүчтэй нөлөөтэй Иракт эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан хуулийн заалтууд үйлчилдэг.

Тухайлбал тус улсын эрүүгийн хуулийн 41 дүгээр зүйлд нөхөр нь эхнэрээ хүмүүжүүлэх зорилгоор зодохыг зөвшөөрдөг. 409 дүгээр зүйлд эхнэр болон гэр бүлийнхээ гишүүн эмэгтэйг завхайрсан шалтгаанаар хөнөөсөн эрчүүдэд оноох шийтгэлийг дээд тал нь гурван жилийн хорих ял болгон хөнгөвчилсөн байдаг юм.

 

Эх сурвалж: Aljazeera