Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Леброн Жэймсийн дээд амжилт эвдэх тоглолтуудын тасалбарын үнэ ханш огцом нэмэгджээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт болсон Америкийн Үндэсний Сагсан бөмбөгийн Лигийн тоглолтын үеэр Лос-Анжелес Лэйкерс баг 131:126 харьцаагаар Нью-Орлеан Пеликанс багийг буулгаж авсан юм.

Энэ тоглолтод Леброн Жэймс 27 оноо авснаар Карим Абдул Жабарын тогтоосон NBA-ийн дээд амжилтыг эвдэхэд ердөө 36 оноо дутуу болсон байна.

Карим Абдул Жабар замналынхаа туршид нийт 38,387 оноо авсан нь сүүлийн 39 жилийн турш эвдэгдээгүй байгаа дээд амжилт юм.

Тэрбээр 1984 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Уилт Чэмберлэний өмнөх дээд амжилтыг эвдэж байжээ. Одоо 38 настай Леброн тэр үед төрөөгүй байв.

Энэ улиралд тэрбээр нэг тоглолтоос дунджаар 30.1 оноо авч байгаа.

Тиймээс Леброн дараагийн хоёр тоглолтын аль нэг дээр NBA-гийн олон жил эвдэгдээгүй дээд амжилтыг шинэчлэн тогтоох нь гарцаагүй болжээ.

Мягмар гарагт Лос-Анжелес Лэйкерс баг Оклахома Сити Тандер багтай, Пүрэв гарагт Милуоки Бакс багтай тус тус тоглох юм.

Энэ хоёр тоглолтын тасалбарын үнэ ханш хурдтай нэмэгдэж, эрэлт өндөр байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

NBA бас шинэ дээд амжилт тогтоох тоглолтуудыг АНУ даяар шууд дамжуулахаар болсноо мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: CNN