Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Тогтохсүрэн: Газрын тухай багц хуулийн төсөлд иргэдээс 4,923 санал ирүүлсэн

П.Зоригт, IKON.MN
2023 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Газрын багц хуулийн төсөл болон Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд өнөөдөр болж байна. 

Энэхүү хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн 400 гаруй төлөөлөл оролцож байгаа.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Газрын тухай хууль нь 2002 онд батлагдсан байдаг. Үүнээс хойш тус хуульд 32 удаагийн нэмэлт өөрчлөлт хийгдсэн. Гэвч өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал, газартай холбоотой олон талт харилцааг хуучин хуулиар зохицуулахад хүндрэл үүсэж байна. Тиймээс ч шинэ багц хуулийг Засгийн газраас өргөн бариад буй гэдгийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хэллээ. 

Тэрбээр "Газрын тухай багц хуулийн төсөл, Геодези зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд олон хүн оролцож байгаа. Тодруулбал, 

  • Газрын багц хуулийн төсөл нь дотроо таван хуультай.
  • Геодези, зураг зүйн тухай хууль нь хоёр хуультай.
  • Хот байгуулалтын тухай нэг хууль бий.

УИХ-ын даргын захирамжаар дээр дурдсан найман хуулийн төсөлд 21 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Иргэд, ААН-үүдийн саналыг маш сайн авах ёстой. Энэ хүрээнд хоёрдугаар сарын 1-нээс өмнө 21 аймагт хэлэлцүүлэг зохион байгуулж дууссан. Одоо үргэлжлүүлэн Дархан-Уул, Орхон, Төв аймагт зохион байгуулах юм. 

Одоогийн байдлаар 20 аймаг, есөн дүүргээс 9,097 хүн оролцож, 4,923 санал ирсэн байна. Мөн d.parliament.mn сайтаар иргэдээс 630 санал ирсэн байна.

Өмнө нь Газрын багц хуулийн төслийг дангаар нь хэлэлцэж явсан. Энэ удаа Хот байгуулалтын тухай хуультай хамтатгаж, уялдаа холбоог нь сайжруулах зорилгоор ажиллаж байгаа юм" хэмээв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/ParliamentofMongolia/videos/1315390879302693