Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Бу Соб: Эмнэлгийн маань гурван тэрбумын эд хөрөнгийг завшсан Д.Мөнхбатыг Монголын шүүх ₮12 саяар торгосонд харамсаж байна

Б.Энхзаяа, Өдрийн сонин
2023 оны 2 сарын 2
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Солонгосын Намянжү хотын Хьюндай эмнэлгийн захирал Ким Бу Соб 2013 онд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж салбар эмнэлгээ байгуулсан.

Гэвч Монгол дахь хамтрагч нь хууль зөрчин хөрөнгө оруулагчаа залилснаар хэрэг шүүхэд шилжжээ. Энэ талаар БНСУ-ын иргэн Ким Бу Собтой ярилцлаа.

-Монголд хөрөнгө оруулалт хийж эмнэлэг байгуулсан. Гэвч бусдад залилуулж хэрэг шүүхийн шатанд үргэлжилж байгаа юм байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Миний бие 2013 онд тухайн үед Гэмтэл согогийн эмнэлгийн дэд даргаар ажиллаж байсан Д.Мөнхбатыг Монгол Улсын Эрүүл мэндийн яаманд өндөр албан тушаал хашиж байсных нь хувьд хамтарсан хөрөнгө оруулалттай эмнэлэг байгуулан бизнесийн түнш болох санал тавьсан.

зураг
 
Өдрийн сонин

Д.Мөнхбат "Надад хөрөнгө гэх зүйл байхгүй учир цалин авч ажиллая" гэж хэлээд 2013 оны 10 дугаар сараас эхлэн cap бүр 2,000 ам.долларын хөдөлмөрийн гэрээ байгуулан эмнэлэг байгуулах, тусгай зөвшөөрөл авах, эмнэлгийн тоног төхөөрөмж импортлох зөвшөөрөл авах ажил үүргийг даатган итгэмжилсэн юм.

Ингээд бид хамтраад эмнэлгийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Миний бие 2015 оны есдүгээр сард компанийг гадаадын хөрөнгө оруулалттай "Ириум" компанийг 100 хувь өмчлөн гүйцэтгэх захирал хийх болсон. "Ириум" ХХК нь 2016 оны гуравдугаар сарын 27-ны өдөр "Эм Би Эс Мед” ХХК-ийн хувьцаа, эрхийг 100 хувь худалдах, худалдан авах, хувьцаа шилжүүлэх гэрээний дагуу хувьцаа эзэмшигч Д.Мөнхбатаас шилжүүлэн авсан билээ. Ингэхдээ “Эм Би Эс Мед" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Мөнхбатыг томилсон байдаг.

-Д.Мөнхбат захирлыг чөлөөлсөн ч эмнэлгийн үйл ажиллагааны тоног төхөөрөмжийг хувьдаа завшсан гэж үзсэн гэв үү?

-Тийм ээ. Хоёр жилийн дараа буюу 2017 онд эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас Д.Мөнхбатыг чөлөөлж, С.Батчимэг хэмээх өөр хүнийг тавьсан. Энэ талаарх хууль ёсны бүртгэлийн бүх өөрчлөлтийг хийсэн байсан юм. Гэтэл С.Батчимэг захирал маань 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр "Хөрөнгө Буцааж авах" албан хүсэлтийг Д.Мөнхбатад гаргасан боловч хүлээж аваагүй.

Тодруулбал, 2017 оны тавдугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас халагдсан мөртлөө итгэмжлэн, хариуцсан компанийн дансанд бүртгэлтэй 399 ширхэг хөрөнгө, 157 нэр төрлийн буюу гурван тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж, ноцтой хохирол учруулсан.

Ингээд уг асуудлаар Монголын хууль шүүхийн байгууллагад хандсан. Гэтэл прокурорын байгууллагаас 2019 оны есдүгээр сарын 30-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн шүүх байгууллага ч бидний нэхэмжлэлийг хэрэгсээгүй. Угтаа Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр Д.Мөнхбатыг хууль зөрчсөн, нотлох баримтыг гуйвуулсныг тогтоосон байдаг.

Д.Мөнхбат манай компаниас залилсан хөрөнгөө нуун дарагдуулж мөнгө угаах гэмт хэрэг үйлдэхийн тулд тусдаа компани хүртэл байгуулсан нь ил болсон.

-Шүүх шинжилгээний хүрээлэн хуурамч нотлох баримт үйлдсэнийг тогтоосон байхад прокурор, шүүх дээр хэргийг хэрэгсэхгүй болсон гэлээ. Одоо хэргийн нөхцөл байдал хэрхэн үргэлжилж байна?

-Хамгийн сүүлд Баянгол дүүргийн шүүх 2022 оны 10 дугаар сарын 21-нд Д.Мөнхбатын мөнгө угаасан үйлдлийг хэрэгсэхгүй болгож, бусдад итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж 12 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Түүнчлэн Ким Бу Собын өмгөөлөгч Б.Агар-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

-ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн оны сүүлчээр гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах талаар мэдээлэл хийсэн. Гадаадын хөрөнгө оруулагчдын шилжүүлсэн хөрөнгийг хувьдаа завшсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг юм бэ?

-Өмгөөлөгч хүний хувьд өмгөөлөгчийн болон хуульчийн мэргэжлийн ёс зүйг баримталж, шүүх дээр хянагдаж буй хэргийн талаар олон нийтэд мэдээлэл хийх нь зохимжгүй байна.

Дан ганц гадаадын хөрөнгө оруулагчид гэмт хэргийн хохирогч болохгүй байгаа бөгөөд Монгол Улсад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг газар авсаар байна. Энэ төрлийн гэмт хэрэг хулгайлах, дээрэмдэх, залилах, болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх гэх мэт олон төрөлтэй байдгийг Эрүүгийн хуулиар зохицуулдаг.

Хэрэв энэ гэмт хэргийг бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол 10-40 сая төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэдэг.

Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй. Нөгөөтэйгүүр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд учруулсан хохирол нь их хэмжээний байгаа тохиолдолд шүүх түүнд шударга ёсны зарчмыг баримталж, ял шийтгэл оногдуулна гэж заасан.

-Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан этгээдийн учруулсан хохирол нь 850 сая гаруй болохыг шүүх тогтоосон тохиолдолд ямар ял шийтгэл оногдуулах вэ?

-Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлдэг учраас ямар ял шийтгэл оногдуулахыг шүүхээс өөр байгууллага шийдвэрлэх боломжгүй. Гэвч гэмт хэрэг үйлдсэн хүнд ял шийтгэл оногдуулахдаа баримтлах хууль зүйн зарчим гэж байгаа.

850 сая төгрөг гэдэг бол Эрүүгийн хуулиар тодорхойлсон "Их хэмжээний хохирол"-ын доод хэмжээг 17 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байгаа юм. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Иймд шүүхийн зүгээс хөрөнгө завших гэмт хэрэг үйлдэхдээ учруулсан хохирлын хэмжээг нь харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт шударга ёсны зарчмыг тусгахдаа эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг. гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхыг шаарддаг.

Тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын мөнгөн дүн болон хууль тогтоомжоор тодорхойлсон хөдөлмөрийн хөлсний үнэлгээ нийгмийн бодит байдлыг олон талаас нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүхээс ял шийтгэл оногдуулах шаардлагатай.

Түүнчлэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд торгох, хорих ялын аль нэгийг сонгохдоо илүү хүнд хариуцлагыг сонгох нь шударга ёсонд нийцнэ.

Зураг