Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Пүрэвсүрэн: Барилгыг хүлээн авсан улсын комиссын дүгнэлт, түүнд гарын үсэг зурсан гишүүдийн нэрийн мэдээллийг авч болно

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нээлттэй нийгэм форумын байранд "Нээлттэй засаглалыг бэхжүүлэхэд нээлттэй өгөгдлийг ашиглах нь" сэдэвт иргэний нийгмийн байгууллагууд оролцсон хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. 

Хэлэлцүүлгийн үеэр иргэд хэрхэн, яаж төрд байгаа мэдээллүүдийг иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор авах талаар танилцуулсан юм. Мөн Глоб Интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэнгээс Нийтийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар тодруулав. 

Тэрбээр "Нийтийн ил тод байдлын тухай хууль батлагдаад нэг жил болсон. Тус хуулиар анх удаа мэдээллийг ил тод зарлахаар 3 бүлэгт хувааж үзсэн. Энгийнээр нээлттэй мэдээлэл гэдэг бол замын гэрлэн дохионы ногоон гэрэл юм. Ямар ч хориг саадгүйгээр олж авах ёстой мэдээлэл гэсэн үг. Таван чиглэлийн 68 төрлийн 606 мэдээллийг холбогдох журмаар баталсан. Судалгаагаар 51 төрлийн байгууллагыг сонгоход 38 нь нийт 44 мэдээллийг нээлттэй байхаар байсан. 

Нээлттэй мэдээллийг ашиглавал ямар ач холбогдолтой талаар дараах саналыг хэлье.

  1. Барилгыг хүлээн авсан улсын комиссын дүгнэлт, түүнд гарын үсэг зурсан гишүүдийн нэрийн мэдээллийг авч болно. 
  2. Төрийн өмчит хуулийн этгээдүүдийн удирдах зөвлөлийн гишүүдийн мэдээлэл, цалин урамшууллыг нээлттэй болгосон юм. legalinfo.mn рүү ороод засгийн газрын тогтоол дээрээс нээлттэй өгөгдөл гээд хайвал ямар мэдээллүүдийг авч болох вэ гэсэн жагсаалтууд байгаа. 

Глоб Интернэшнл төвөөс судалгаа хийхэд мэдээлэл хүссэн хүсэлтийн хариуг 37 хувь мэдээлэл авсан, 4 хувь дутуу авсан, үлдсэн 49 хувьд нь мэдээлэл хариуцагч байгууллага огт өгөхгүй байна. Тэгэхээр хоёр мэдээлэл тутмын нэгд нь хариу өгдөг, нөгөөд нь огт хариу өгдөггүй үзэгдэл өмнө ч байсан. Одоо хүртэл нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар хэвээрээ байна гэсэн дүгнэлтүүдэд хүрсэн.

Нийтийн ил тод байдлын тухай хуулийг сайжруулахад хэд хэдэн шийдэл байна. Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг 2022 онд батлах үедээ төрийн байгууллагуудын бүх төрлийн сургалтыг хориглосон. Бид таван төрлийн байгууллагын 485 төрийн албан хаагч буюу мэдээлэл хариуцагч байгууллагын хүнээс судалгаа авахад төрийн албан хаагчдын мэдлэг хангалтгүй гэж гарсан. 60 гаруй хувь нь шинэ хуулийн талаар ойлголтгүй байна. 

Иргэдийн зүгээс нийтийн ил тод байдлын тухай хууль батлагдсан, энэ төрлийн зохицуулах хуулийн талаар мэдлэг мэдээлэл 66 хувиар хангалтгүй байсан. Тэгэхээр сургалт орох замаар нийтийн ил тод байдлын тухай хуулийг сурталчлан таниулахаас өөр боломжгүй. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд албан тушаалтнуудын мэдлэг мэдээлэл сайн байх ёстой шүү дээ. Гэтэл төсвийн хэмнэлтийн тухай хууль тус хуулиас хоёр хоногийн өмнө батлагдсан учир сургалт ороогүй. Тиймээс үүнд анхаарах ёстой" гэв.