Карибын тэнгисийн Хайти улсын цагдаагийн албан хаагчид өчигдөр нийслэл Порт-о-Прэнс хотод засгийн газрынхаа эсрэг босжээ.
Лхагва гарагт долоон цагдаа дээрмийн бүлгийнхэнд буудуулж алагдсанд уурссан мэргэжил нэгтнүүд нь хариу арга хэмжээ аваагүй засгийн газраа буруутгасан байна.
Нийтдээ 100 гаруй цагдаагийн албан хаагч өчигдөр нийслэл хотын төв замуудыг хааж, дугуй шатааж, хяналтын камеруудыг эвдэж, зогсоолд байсан автомашинуудыг эвдэж сүйтгэжээ. Тэдэнтэй жирийн иргэд нэгдсэн байна.
Босогчид тус улсын ерөнхий сайдын өргөөнд дайрч орсныг орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Энэ үед ерөнхий сайд эзгүй байсан тул олон улсын нисэх буудал руу нэвтрэхийг оролдсон байна.
Ерөнхий сайд Ариэл Анри энэ үед Аргентинд хийсэн айлчлалаасаа буцаж ирж байсан юм.
Энэ он гарсаар тус улсад нийтдээ 14 цагдаагийн албан хаагч гэмт хэрэгтнүүдэд алагджээ. 2021 онд ерөнхий сайд Анрийг томилогдсоноос хойш 78 албан хаагч дээрэмчдийн гарт алагдсан тухай Хайтийн хүний эрхийн гол байгууллага мэдээлжээ.
Хүчирхийлэл, гэмт хэргээр дүүрэн тус улсад гэмт хэргийн бүлэглэлүүдийн гишүүдийн тоо цагдаагийн тооноосоо хол давдаг.
2022 оны намар Хайтийн дээрмийн бүлэглэлүүд тус улсын гол боомтыг эзэлснээр түлш шатахууны ноцтой хомсдол үүсэж, засгийн газар нь олон улсаас дэг журам тогтоох цагдаагийн хүч ирүүлэхийг хүсэж байсан юм.
Уг хүсэлтэд бүс нутгийн улс орнууд ямар нэг хариу өгөөгүй ч АНУ, Канад улсууд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлж байжээ.
Одоо Хайти улсын нийслэл Порт-о-Прэнс хотын газар нутгийн 60 орчим хувь зэвсэгт бүлэглэлүүдийн хяналтад байдаг гэсэн баримт бий.
“Гэмт хэрэг, хүчирхийлэл шинэ дээд түвшиндээ хүрлээ. 2022 оны турш зургаан цаг тутамд нэг хүн барьцаалагдаж байв. Бид гаднын тусламж дэмжлэггүйгээр үүнийг зогсоох боломжгүй” гэж Лхагва гарагт НҮБ-аас Хайтид суугаа төлөөлөгч Элен Ла Лайм хэлжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!