Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Золжаргал: Хашаандаа эрчим хүчний хэмнэлттэй байшин барихад ипотекийн зээл олговол түлшний хэрэглээ хоёр дахин буурна

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Угаартсаар байх уу, Улаанбаатарчууд аа” нээлттэй хэлэлцүүлэг АШУҮИС-д өчигдөр боллоо.

Хэлэлцүүлэгт нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Хавдар Судлалын Үндэсний Төв(ХСҮТ), "Монгол нүүрс ассоциац" болон бусад холбогдох байгууллагын төлөөллүүд оролцсон юм. 

Агаарын бохирдлыг бууруулах шийдлийн талаар “Монгол нүүрс ассоциац"-ийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалаас тодруулснаа хүргэж байна. 

Тэрбээр "Сайжруулсан түлш хэрэглэж байгаа учраас Улаанбаатарын утаа 50, 80 хувь буурсан гэж хэт их эмоци орсон улс төрийн мэдэгдлүүд байсан. Улмаар түлшээ сайжруулсан учраас утаа буурчихна гэсэн хүлээлт иргэдэд үүссэн байх. Түүнээс биш нүүрснээс утаа ялгарч л таарна. Түүхий нүүрс, шигшээд ангилсан нүүрс эсвэл бутлаад буцаагаад шахсан нүүрс байна уу, бүгд адил. 

Тэгвэл түлшийг дараагийн шатанд сайжруулахын тулд завсрын биш цэвэр баяжуулсан нүүрсийг ашигладаг болох хэрэгтэй байна. Ингэвэл дахиад нэг алхам сайжирна. Нөгөө талаас утаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байгаа учраас үүнд дорвитой арга хэмжээ авах нь зүйтэй. Тодруулбал, 

Эрчим хүчний хэмнэлттэй дулаан байшин барихад ипотекийн зээл олгох ажил хэрэгтэй байна. Ингэхдээ орон сууцны хорооллуудад барихын оронд дийлэнхийг нь гэр хороолол руу олгомоор байгаа юм. Өөрөөр хэлбэл, хашаандаа дулаан, эрчим хүчний хэмнэлттэй байшин барихад ипотекийн зээл олговол иргэдийн түлшний хэрэглээ хоёр дахин буурна. 
Монгол Улс нүүрсний нөөцтэй. Энэ нөөцдөө түшиглэн нүүрснээс газ үйлдвэрлэх боломжтой. Газ нь дотроо хоёр янз бий. Савлаад авч явах боломжтой хийн түлш болон савлахгүйгээр дамжуулдаг байгалийн хий ч бий. Энэ хоёр төрлийн хийг үйлдвэрлэх Техник Эдийн Засгийн Үндэслэл (ТЭЗҮ)-ийг хоёуланг нь Монголд олон жилийн өмнө батлуулсан байдаг. Тэгвэл энэ ажил руугаа эргээд орох хэрэгтэй байна. 

Дулаан байшин барихад ипотекийн зээл олгох, хийн түлш үйлдвэрлэх энэ хоёрыг ирээдүйд биш одоо эхлэх хэрэгтэй. Тодорхой шийдлийг хайхгүй бол иргэд эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй байна. Нүүрсний тортогт хавдар үүсгэх органик нэгдлүүд агуулагдсан байдаг. Дутуу шатсан тосорхог тортог нь хавдрын эрсдэл үүсгэдэг. Энэ бүхэн дутуу шаталтаас үүдэлтэй. Хэрэв нүүрс бүрэн шатвал CO2 болох бөгөөд CO2 нь хүний эрүүл мэндэд хоргүй, дэлхийн дулааралд нөлөөлдөг" хэмээв.

"Автомашины утаа агаарын бохирдолд нөлөөлж байгаа юу гэвэл, тийм. Гэхдээ ямар ч улиралд автомашин явдаг. Гэтэл өвлийн агаар, зуны агаар маш их ялгаатай. Хамгийн гол нь олон асуудалд анхаарч, төөрөлдмөөргүй байна. Агаарын бохирдолдоо анхаарлаа төвлөрүүлж, дорвитой шийдэлд хүрэх нь чухал" гэдгийг тэрбээр нэмж ярилаа.