Өчигдөр буюу Ням гарагт Украины зүүн хойд бүсийн Сумы хотын төв Оросын пуужингийн цохилтод өртөх үеэр 34 хүний амь үрэгджээ.
Энэ нь сүүлийн долоо хоног орчим хугацаанд энгийн иргэд Оросын пуужингийн халдлагад олноор алагдсан хоёр дахь тохиолдол болж байна.
Хоёр ширхэг баллистик пуужинг өглөөний 10:15 цагийн үед Сумы руу харважээ.
Амиа алдсан хүмүүсийн дунд хоёр хүүхэд байсан байна. Мөн 115 хүн шархадсаны 15 нь хүүхэд байжээ.
“Зөвхөн бузар новшнууд л ийм үйлдлээр жирийн хүмүүсийн амийг хөнөөж чадна” гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдсэн байна.
Оросууд пуужингаар довтлохдоо аль болох олон хүний амийг хөнөөхийн тулд хүмүүс бөөндөө цугларсан газрыг онилсон гэж үзэж байгаагаа Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак илэрхийлжээ.
Дөрөвдүгээр сарын 4-ний өдөр ерөнхийлөгч Зеленскийн төрөлх хот Кривой Рог пуужингийн цохилтод өртөхөд 20 орчим хүн алагдсаны ес нь хүүхдүүд байсан юм.
Дэлхийн улс орнуудын удирдагчид Оросын аллагыг буруушаасан мэдэгдлүүдийг хийжээ.
Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон “Ганцхан Орос улс энэ дайныг эхлүүлснийг бүгд мэдэж байгаа. Өнөөдөр Орос улс дангаараа олон улсын хууль дүрмийг зөрчиж, хүмүүсийн амь насыг хохироож, ерөнхийлөгч Трампын дипломат хүчин чармайлтыг үл тоомсорлон энэ дайныг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа харууллаа” гэж мэдэгдсэн байна.
Украины өөр хэсэг болох Херсон мужид өчигдөр бас 62 ба 68 настай хоёр эмэгтэй, 48 настай нэг эрэгтэй Оросын халдлагад амиа алдсаныг орон нутгийн удирдлага мэдээлжээ.
Донецк мужид бас нэг хүн Оросын халдлагын улмаас амиа алдсан байна.
Харьков хотын нэг цэцэрлэг Оросын пуужингийн цохилтод өртөж гэмтсэн ч хүний амь эрстээгүйг тус хотын захирагч Игорь Терехов мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Санкт Петербург хотод АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Стив Виткоф гал зогсоох асуудлаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан юм.
Энэхүү уулзалтын маргааш жил тутам Турк улсад зохион байгуулагддаг Анталягийн Дипломат Бодлогын Чуулганд дайтагч хоёр улсын гадаад хэргийн сайд нар тус тусдаа оролцож, байр сууриа илэрхийлцгээжээ.
ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ үеэр “Украинчууд яриа хэлэлцээний эхний өдрөөс хойш бидэн рүү хоёроос гурван тохиолдлыг эс тооцвол өдөр бүр довтолж байгаа” гэж мэдэгдээд сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд Украины талаас үйлдсэн халдлагын жагсаалтыг АНУ, Турк улсууд болон олон улсын байгууллагуудад гаргаж өгөхөө амласан байна.
Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига үүнийг няцааж, Орос улс гал түр зогсоох нөхцлийг зөвшөөрснөөсөө хойш ихэвчлэн энгийн иргэд рүү бараг 70 пуужин, 2,200 гаруй дрон, 6,000 гаруй удирдлагатай бөмбөгөөр довтолсныг мэдэгджээ.
Мөн энхийн яриа хэлэлцээ явуулахад давуу байр суурь олж авах зорилгоор Оросын тал хаврын давшилтад бэлдэж байгааг Сибига анхааруулсан байна.
Украин, Оросыг хариуцсан Трампын тусгай элч, чөлөөнд гарсан генерал Кит Кэллог өчигдөр хэлэхдээ Сумыгийн халдлагыг “шударга ёсны бүх хэм хэмжээг зөрчсөн үйлдэл” гэж тодорхойлоод Цагаан ордон дайныг зогсоохын төлөө тууштай байр суурь баримталж байгааг мэдэгджээ.
“Олон тооны энгийн иргэд алагдаж, шархадлаа. Цэргийн командлагч байсан хүнийхээ хувьд би бай онилох гэж юу байдгийг мэднэ. Тиймээс энэ бол буруу үйлдэл. Ийм учраас л ерөнхийлөгч Трамп энэ дайныг зогсоохын төлөө шаргуу ажиллаж байгаа юм” гэж тэр хэлсэн байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
215 СЭТГЭГДЭЛТЭЙ
|