Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүнээр ажиллаж байсан хүмүүс гадаад улсад Элчин зөвлөхөөр томилогдсон тухай мэдээлэл олны анхаарлыг татаад буй.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Хамтарсан Засгийн газарт нэгдсэн гурван нам хоорондоо гэрээ байгуулсан. Хүний нөөцийн асуудлыг нэлээд тавьж ярьж байгаа. Гадаад харилцааны сайдын хувьд нэлээд амаргүй байна. Гурван намаас гэрээнийхээ дагуу зарим томилгоог хийгээч, гадаад хэл, мэргэжлийн түвшинд ажиллах боломжтой гэсэн хүмүүсээ санал болгосоор байгаа. Би 95 хувийг нь татгалзаж байгаа. Мэргэжлийн шалгалтууд авч байгаа.
УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Д.Сарангэрэл, Ц.Мөнхцэцэг нар шалгуурт тэнцсэн. Бид хэлний шалгалт авсан.
Ц.Мөнхцэцэг гишүүний хувьд Герман улсад доктор хамгаалсан. Орос, герман, англи хэлтэй. Дөрвөн жил УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Монгол-Германы найрамдлын бүлгийн даргаар ажилласан. Мэргэжлийн шалгалтыг өгөөд тэнцсэн учир өөрийнх нь хүсэлтийг үндэслэн, МАН-ын Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу Герман улсад Элчин зөвлөхөөр томилогдон ажиллаж байна.
Д.Сарангэрэл гишүүний хувьд Төрийн албаны хуульд 65 нас хүртлээ өөрөө ажиллах хүсэлтээ гаргавал ажиллуулж болно гэсний дагуу насыг харгалзаагүй, хөдөлмөрийн чадвар, ажлын дадлага, туршлага, өөрийнх нь хүсэлтийг үндэслээд орос хэлний шалгалт авсан. Болгар улсад Элчин зөвлөхөөр томилогдоод ажиллаж байгаа.
Б.Жаргалмаа гишүүний хувьд манай яамны томилгоо биш. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Солонгос улсад гэрээгээр ажиллаж байгаа хүмүүсийг хариуцан ажилладаг алба бий. Тэнд томилогдсон" гэх тайлбарыг өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!