АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш Дональд Трамп анх удаа эрүүл мэндийн үзлэг оношилгоонд орсон байна.
Жил тутмын энэ үзлэгээс “онц сайн” үнэлгээ авсныг нь Цагаан ордны эмч өчигдөр зарлажээ.
Одоо 78 настай Трамп өөрийн эрүүл саруул байдлаар байнга гайхуулж, өмнөх ерөнхийлөгч, 82 настай Жо Байденыг энэ тал дээр албан тушаалдаа тэнцэхгүй хүн хэмээн байнга шүүмжилдэг байсан.
“Ерөнхийлөгч Трампын сэтгэцийн болон бие махбодын эрүүл мэнд маш сайн бөгөөд зэвсэгт хүчний ерөнхий командлагч, төрийн тэргүүний үүргээ биелүүлэх бүрэн чадвартай байна” гэж Цагаан ордны эмчийн дүгнэлтэд бичжээ.
Гэхдээ арьс нь наранд бага зэрэг түлэгдсэн, өнгөрсөн оны долдугаар сард буудуулахдаа чихэндээ бага хэмжээний сорвитой болсон зэрэг цөөн асуудлыг дурдсан байна.
Хамгийн сүүлд 2020 онд эрүүл мэндийн үзлэгт орсноосоо хойш Трамп 110 кг-аас 9 кг орчим хасаж, 101 кг жинтэй болоод байгааг дүгнэлтэд бичжээ.
Үүнээс гадна нүдний болор солих мэс засалд орж байсныг нь мэдээлсэн байна. Ийм мэс заслыг өндөр настай хүмүүст голдуу хийдэг бөгөөд муудсан төрөлхийн болрыг нь хиймэл болроор сольж, нүдний харааг сайжруулдаг юм.
Бас розувастатин, эзетимиб зэрэг эмүүдийг тогтмол хэрэглэсний үр дүнд Трампын холестеролын түвшин сайжирсан тухай дүгнэлтэд дурджээ.
2018 оны нэгдүгээр сард үзлэгт ороход нь Трампын нийт холсестеролын түвшин 224 байсан байна. 2019 оны эхээр энэ нь 196, 2020 онд 167 болж, сүүлийн үзлэгээр 140 хүрсэн гэнэ.
Нийт холестеролын түвшин 200-аас доош байхад хэвийн гэж үздэг байна.
Баасан гарагт Трамп нийслэл Вашингтон хотын захад оршдог Уолтер Ридийн цэргийн эмнэлэгт үзлэг оношилгоонд оржээ.
Түүний зүрхний цохилт минутад 62 буюу өмнөх үзлэгүүдийн дүнтэй адил гарсан байна. Насанд хүрсэн хүний нэг минутын зүрхний цохилт тайван үедээ 60-100 байх ёстой гэдэг.
Бага байх тусам зүрх судасны ажиллагаа сайн гэсэн үг юм.
Трамп зүрхний шигдээс, цус харвалтаас сэргийлэхийн тулд аспирин байнга уудгийг дүгнэлтэд дурджээ.
Америкийн олон нийт ерөнхийлөгчийнхөө эрүүл мэндийн байдлыг их сонирхдог. Трампын хувьд энэ тал дээр нээлттэй биш гэж байнга шүүмжлүүлдэг юм.
Түүний эрүүл мэндийн үзлэгийн дэлгэрэнгүй дүгнэлтийг удахгүй нийтлэхээ Цагаан ордон амлажээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
|