Өнгөрсөн онд гарсан хэд хэдэн бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн дараа Окинава мужийн цагдаагийн газар болон тэнд байрладаг АНУ-ын цэргийн баазын захиргаа хамтарсан эргүүл ажиллуулахаар тохиролцжээ.
1974 оноос хойш анх удаа ийм арга хэмжээ авахаар болсон бөгөөд эхний эргүүлүүд энэ долоо хоногийн Баасан гарагийн шөнө ажиллахаар болсон байна.
Эргүүлийн багт орон нутгийн захиргааны албан хаагчид, иргэдийн төлөөлөгч бас оролцохоор болжээ.
Окинава арлуудад АНУ-ын цэргийн томоохон бааз байрладаг бөгөөд цэргийн алба хаагчид нутгийн иргэдийг хүчирхийлсэн хэрэг үе үе гардаг юм.
Хамтарсан эргүүл гаргах тохиролцоонд өнгөрсөн долоо хоногт болсон уулзалтын үер хүрсэн байна. Энэ уулзалтад Японы гадаад хэргийн болон батлан хамгаалах яамны төлөөлөгчид бас оролцжээ.
Эргүүлүүд Окинавагийн олон нийтийн газруудад ажиллаж, АНУ-ын цэргийн алба хаагчдыг архи дарс хэтрүүлэн хэрэглэж, хэт оройтохоос сэргийлэх юм байна.
Япон дахь АНУ-ын цэргийн баазуудын ихэнх нь Окинава мужид байрладагтай холбоотой орон нутгийн иргэдийн аюулгүй байдлын асуудал байнга хөндөгддөг.
Хамгийн сүүлд 2023 онд насанд хүрээгүй охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн АНУ-ын агаарын зэвсэгт хүчний алба хаагч өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шүүхээс ял сонсож байв.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
|