Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Амарсанаа: Усаа хэт шүүж хэрэглэх нь биед хэрэгтэй элементүүдээ авч чадахгүйд хүргэх эрсдэлтэй

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Монгол орны ундны усны чанарын судалгааг 2019-2022 оны хооронд хийсэн байна.  

Үүнтэй холбоотой ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Экологийн химийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Амарсанаа зөвлөгөө, мэдээлэл танилцууллаа. 

Тэрбээр "Монгол Улсын 21 аймгийн 360 сум, суурин газар, хилийн боомтоор судалгаа хийхэд Дорнод аймагт ундны усанд төмрийн илүүдэл асар өндөр гарсан. Зарим худгийн усны төмрийн агууламж стандарт хэмжээнээс 50-100 дахин өндөр байсан. Тиймээс энэ үзүүлэлтийг бууруулж хэрэглэгчдэд түгээх зайлшгүй шаардлагатай. Энэ хэмжээг бууруулахгүй бол эргээд хүний бие махбодод таагүй нөлөө үзүүлнэ.

Бидний өдөр тутамдаа ууж, хэрэглэж буй ундны ус нь эрүүл, аюулгүй, баталгаатай байх ёстой. Ингэхийн тулд усанд агуулагдах элементүүд нь 90 орчим үзүүлэлтийнхээ аль нэг багцаагаар илүү гарах эсвэл дутуу байх ёсгүй. 

Мөн биед үүсэх хуримтлалын тухай ярих хэрэгтэй. Ундны ус нь хүний бие махбодын эд эрхтэнд нэвтэрч өнгөрч буй тохиолдолд тодорхой элементүүдээ шингээж үлдээдэг. Улмаар биед хуримтлал үүсдэг. Жишээ нь, бөөрөнд чулуужилт үүсэх, эрдэсжилт үүсэх гэх мэтчилэн.

Сүүлийн үед эрдэсжилтээс гадна эрдэсгүй болох асуудал яригдаж байгаа. Усаа хэт шүүж хэрэглэх нь эрсдэлтэй гэсэн үг. Ингэснээр бие организм хэрэгтэй элементүүдээ авч чадахгүй. Улмаар бие махбод хямралд орж эхэлнэ. Нөгөө талаас ундны ус хэт их бичил элементийн агууламжтай байх нь дотоод эд эрхтнийг гэмтээх өндөр магадлалтай" хэмээн хэлсэн юм.