Беларусь улсын ерөнхийлөгч Александр Лукашенкогийн үнэнч холбоотон, тус улсын гадаад хэргийн сайд Владимир Макей 64 насандаа таалал төгссөн тухай албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.
Нас барсан шалтгааныг Беларусийн БелТА агентлагаас тараасан мэдээнд дурдаагүй байна.
Макей нь Лукашенкогийн тамгын газрын даргын албыг хашиж байгаад 2012 онд гадаад хэргийн сайд болж байжээ.
Түүнийг сайдаар ажиллах хугацаанд Беларусь улс сөрөг хүчнийг нухчин дарсан, шударга бус сонгууль зохион байгуулсан, Украины дайныг дэмжиж, Оросын цэргийг нутаг дэвсгэртээ байрлуулсан зэрэг олон шалтгаанаар шүүмжлүүлж, Өрнөдийн орнуудын зүгээс төрөл бүрийн хориг арга хэмжээгээр шийтгүүлж байв.
Энэ оны есдүгээр сард НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд үг хэлэхдээ Макей улс орныхоо байр суурийг хамгаалж байжээ.
“Беларусийг түрэмгийлэгчийн хамсаатан, бүр мөргөлдөөнд оролцогч тал гэж нэрлэдэг. Беларусь хэзээ ч дайныг дэмжээгүй. Гэхдээ бид бас урвагч биш. Бид эвслийн өмнө авсан амлалтаасаа гадна нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцуудын үзэл баримтлалыг чанд дагаж мөрдөх болно” гэж тэр хэлж байсан юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!