Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

2021 онд дэлхий даяар 45,000 эмэгтэй гэр бүл, төрөл төрөгсдийнхөө гарт амиа алджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр нийтлэгдсэн НҮБ-ын шинэ тайланд өгүүлснээр 2021 онд дэлхий даяар 45,000 орчим эмэгтэй гэр бүлийнхээ гишүүд, нөхөр, хамтран амьдрагч болон бусад төрөл төрөгсдийнхөө гарт амиа алджээ.

Энэ нь өнгөрсөн онд нийт 81,000 орчим эмэгтэй бусдын гарт алагдсаны 56 хувь нь болж байна.

Бас 2021 оны цаг тутамд таван эмэгтэй гэр бүл, ойр дотныхоо хүмүүсийн гарт алагдсан гэсэн үг юм.

НҮБ-ын эмэгтэйчүүдийн аж байдлын хороо, НҮБ-ын хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гаргасан энэ тоог судлаачид бодит байдлаас нэлээд зөрөөтэй гэж үзэж байна.

Эмэгтэйчүүдийн эсрэг аллагыг тивээр нь авч үзвэл Ази тивд хамгийн олон буюу 17,800 тохиолдол бүртгэгджээ. Гэхдээ хувиар нь авч үзвэл Африк тив хамгийн өндөр эрсдэлтэй бүс нутаг болохыг судалгаа харуулсан байна.

Тухайлбал гэр бүлийн хүрээнд хүйсийн ялгааны улмаас үйлдсэн аллага Африк тивд 100,000 эмэгтэй тутамд 2.5 оногдож байгаа бол Америк тивд 1.4, Номхон далайн арлуудад 1.2, Азид 0.8, Европт 0.6 оногджээ.

Коронавирусийн цар тахлын цаг үе эмэгтэйчүүдийг олноор хохирогч болоход нөлөөлсөн нэг хүчин зүйл болсон байна. Мөн дэлхийн олон улс оронд хүчингийн хэрэг үйлдсэн этгээд хохирогчтой гэрлэсэн тохиолдолд шийтгэлгүй өнгөрдөг хууль үйлчилж байгаа нь бас нэг сөрөг хүчин зүйл болж буйг судлаачид дүгнэжээ.

“Гэр бүлийн хүчирхийллийг гэр бүлийн дотоод асуудал гэж нийтээрээ үздэг улс орнууд дэлхийд олон байна. Цагдаа, хууль хүчнийхэн ийм хэрэгт ач холбогдол өгдөггүй, хохирогчийг нийгмээрээ буруутгадаг явдал түгээмэл байгаа. Энэ нь хохирогч охид бүсгүйчүүд гэмт хэргийг нуун дарагдуулж, илчлэхгүй өнгөрөхөд хүргэж байна” олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Equality Now байгууллагын хуульч Барбара Хименез-Сантяго ярьж байна.

Дэлхий даяар үйлдэгддэг хүн амины хэргүүдийн 81 хувь нь эрэгтэйчүүдийн эсрэг байдаг ба эдгээрийн ихэнх нь гэр бүлээс гадуур хүрээнд гардаг байна. 2021 онд нийт эрэгтэй хохирогчтой аллагын 11 хувь нь л гэр бүлийн хүрээнд үйлдэгджээ.

 

Эх сурвалж: The Guardian