Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдрийг Их эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр" хэмээн тэмдэглэдэг уламжлалтай.
Уг өдөр өнөөдөр тохиож байна.
"Монгол бахархлын өдөр"-өөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал уламжлалтай.
Энэ дагуу өнөөдөр 10:00 цагт "Чингис хаан" одонг академич Д.Доржготов болон монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд нарт хүртээнэ.
Академич Д.Доржготов нь ШУА-ийн Газарзүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, хөрс–геохимийн тасгийн эрхлэгч, захирал, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар тасралтгүй 60 гаруй жил ажиллаж байна. Тэрбээр Монгол орны хөрс, газарзүй, байгаль орчин, экологийн чиглэлээр 30 гаруй судалгааны төсөл удирдан гүйцэтгэж, манай орны ихэнх нутгийг хамарсан олон улсын 40 гаруй хээрийн экспедиц зохион байгуулсан.
Мөн 300 гаруй ном монограф, газрын зураг, эрдэм шинжилгээний өгүүлэл, бусад бүтээл туурвиснаас 110 гаруй нь орос, англи, герман, хятад хэлээр нийтлэгдсэн байна.
Харин Жэк Уэтерфорд нь 1990 оноос хойш монголчуудын түүх, соёлыг дэлхий дахинд шинжлэх ухааны үндэстэйгээр шинээр таниулж, буруу зөрүү олон ойлголтыг залруулан, олон оронд монгол хүн, монгол үндэстнийг ойлгох, үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэхэд онцгой гавьяа байгуулсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!