Гүржээс салан тусгаарласан Абхаз улсын хууль тогтоогчид нийслэл Сухуми хотод парламентын ордны ойролцоо нэгнээ буудаж алсан тухай орон нутгийн хэвлэлүүд өчигдөр мэдээлжээ.
Буудуулсан хоёр хууль тогтоогчийн нэг Вахтанг Голанзия шархаа даалгүй нас барсан бол гартаа шархадсан Кан Кварчия эмнэлэгт хүргэгдсэн байна.
Тэднийг буудсан хэмээн сэжиглэгдэж буй парламентын гишүүн Адгур Хазария хэргийн газраас оргон зайлжээ.
Криптовалютын олборлолтыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэж байхдаа түшээд маргалдсаны улмаас ийм аллага гарсныг Абхазын эх сурвалжууд мэдээлсэн байна.
Абхаз улс цахилгаан эрчим хүчний ноцтой хомсдолд ороод байгаа бөгөөд Сухумийн эрх баригчид ирэх оноос эхлэн үнэ төлбөргүй эрчим хүч нийлүүлэх хүсэлтийг ОХУ-ын засгийн газарт энэ долоо хоногт тавьсан юм.
2008 онд Гүржээс салан тусгаарлахад нь тусалсан ОХУ өнгөрсөн есдүгээр сард Абхазид үзүүлдэг санхүүгийн тусламжаа зогсоож байв.
Абхазын иргэд хүчтэй эсэргүүцсэний улмаас ОХУ-ын хөрөнгө оруулалтыг дэмжих хуулийн төслөө парламент буцаан татсантай энэ нь холбоотой гэгдэж байна.
Шийдвэрийн улмаас Москва 1.8 тэрбум рублийн ($18 сая) тусламжаа цуцалсан тухай Абхазын албаны эх сурвалж мэдээлсэн юм.
Харин Оросын тал яагаад ийм шийдвэр гаргаснаа тайлбарлаагүй байна.
Үүний үр дүнд Абхаз эрчим хүчээ ОХУ-аас зах зээлийн үнэ ханшаар авах шаардлагатай болоод байгаа.
Абхазид одоо эрчим хүчний хатуу хязгаарлалт хэрэгжиж байгаа. Өдрийн цагаар ердөө гурван цаг орчим хугацаанд цахилгаанаар хангаж, бусад үед нь харанхуй байна. Харин оройн 21:00 цагаас өглөөний 7:00 цагийн хооронд хангамж тасалдахгүй хэвийн байгаа юм.
2008 оны Орос-Гүржийн дайны дараа Бүгд Найрамдах Абхаз Улсын тусгаар тогтнолыг ОХУ, Никарагуа улсууд хүлээн зөвшөөрч байв.
Дараа нь 2009 онд Венесуэл улс хүлээн зөвшөөрч байжээ. Тухайн оны арванхоёрдугаар сард Номхон далайн арал Науру улс Абхазыг хүлээн зөвшөөрсөн нь ОХУ-аас авсан $50 саяын хүмүүнлэгийн тусламжийн хариу төлбөр байсан гэдэг.
Эдгээрээс бусад дэлхийн улс орнууд Абхазыг Гүрж улсын бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг.
Эх сурвалж: Apsnypress, The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!