Уншиж байна ...
Зураг
Зураг

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын иргэн бүр 135,000 төгрөгийн хадгаламжтай болсон

Б.Бадамгарав, IKon.mn
1 цаг 14 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. 

Хуралдаанаар Гашуун сухайт-Ганц мод чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт болон Франц улсын "Орано майнинг" компанитай хамтран уран олборлох төслийн суурь болох хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. 

Засгийн газрын шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өнөөдөр Засгийн газар байгуулагдаад 100 хонож байна. Энэ өдөр сайд нарт өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг ярилцлаа. Мөн нийслэлийн агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэв.

Шийдвэрийн тоймыг танилцуулъя.

Арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5 хувь, гадаад валютын нөөц 4.9 тэрбум ам.доллар байна. 

Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарсан. Хөгжлийн сан руу 50 хувь орох боломж өнөөдрөөс үүсэж байна. Түүнчлэн нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрлээ. Цаашид 100 сая тонн нүүрс экспортолдог болохын тулд боомтын нэвтрэлтийг сайжруулах хэрэгтэй байна.

Үндэсний баялгийн сан буюу Ирээдүйн өв санд 4 их наяд төгрөгийн хадгаламж үүссэн бөгөөд арвижуулах байдлаар захиран зарцуулах эрх нь өнөөдрөөс нээгдэж байгаа. Менежментийн хувьд тодорхой болсон.

Хамгийн чухал Хуримтлалын санд Эрдэнэс Монгол болон хамтарч ажилладаг уул уурхайн ордын 34 хувьд ногдох орлого иргэдийн хуримтлал байна гэж хуульд заагдсан. 495 тэрбум төгрөг монгол иргэдийн нэрийн дансанд мөнгөжсөн. Үүнийг иргэдийн тоонд хуваавал монгол иргэн бүрд 135,000 төгрөгийн хадгаламж үүссэн гэсэн үг.

eMongolia-гаар дамжин иргэд дансаа шалгах боломжтой. Мөн шаардлагатай гэж үзвэл карт хэлбэрээр баталгаажуулж болно. Гэхдээ энэ нь бэлнээр зарцуулагдахгүй, хугацаат хадгаламж гэж ойлгож болно. Хүү олгогдоно. Орон сууц, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бэлэн бусаар зарцуулж болох юм. Ипотекийн эх үүсвэр өндөр хүүтэй байсан бол он гараад, ялангуяа залуу гэр бүлийг дэмжих чиглэлээр багц зарлахаар болсон. Өөрөөр хэлбэл хүүгүй эх үүсвэр бүрдэж эхэлж байгаа гэж ойлгож болно.

Баялаг ашиглагдах тусам хуримтлал арвижих боломжтой. Жилийн хугацаанд 135,000 төгрөг бол эхлэлийн хувьд боломжийн санхүүжилт.

Төсөв ашигтай ажиллавал илүү гарсан санхүүжилтийн 50 хувь нь Тогтворжуулалтын санд, 50 хувь нь Хөгжлийн санд орно. Хөгжлийн сангийн мөнгийг Хөгжлийн Банкаар дамжуулан зарцуулагдах журам өнөөдөр батлагдсан" гэв. 

Шууд үзэх:
https://www.facebook.com/iKonNews/videos/1961669767658616?st=565uQpdP7i3