Япон улс дэлхийд хог хаягдлын зохицуулалтаараа алдартай.
Тус улсын гудамж талбайд хог олоход хэцүү, хүн бүр хогоо ангилж, ялгах дадалд суралцсан байдаг.
Гэхдээ энэ нь хангалтгүй санагдсан Фүкүшима хотын захиргаа хог хаягдалтай холбоотой зохицуулалтаа улам чангатгахаар болжээ.
Ирэх оны гуравдугаар сараас эхлэн тус хотын удирдлага хог хаягдалтай холбоотой дүрэм журам зөрчсөн, тухайлбал буруу ангилсан, уутны хэмжээ хязгаарыг хэтрүүлсэн хогийн эздийн нэрийг нийтэд зарлаж байхаар болсон байна.
Хотын захиргаа энэ долоо хоногийн Мягмар гарагт болсон хурлаараа шинэ журмыг баталжээ.
Японы олон хот буруу ангилсан хог хаягдлыг илрүүлж, зөрчил гаргасан бизнес эрхлэгчдийн нэрийг нийтэд зарладаг.
Харин Фүкүшима бизнес эрхлэгчдээс гадна хувь хүмүүсийн нэрийг зарладаг анхны хот болж байгаа юм байна.
“Хог хаягдлыг буруу ангилж хаях нь орон нутгийн иргэдийн амьдрах орчныг доройтуулдаг тул анхаарлын төвд байх ёстой асуудал юм. Буруу ангилсны улмаас хогийн цэгийн тоо хэмжээ нэмэгдсэнээр хойч үеийнхний амьдрах орчинд сөргөөр нөлөөлөх хор уршигтай. Тиймээс хогийг зөв ангилан ялгах нь маш чухал юм” гэж хотын захиргааны төлөөлөгч мэдэгджээ.
Өнгөрсөн онд Фүкүшимад хог хаягдлыг буруу ангилсан 9,000 орчим тохиолдол бүртгэгдсэн юм байна.
Одоогоор ажилчид шаардлага хангаагүй хогийг ачихаас татгалзаж, тусгай тэмдэг наагаад эзэнд нь буцааж өгдөг болжээ.
Эзэд нь буцаагдсан хогийг дахин ангилж ялгасны дараа ачуулдаг гэнэ.
Шинэ журмаар долоо хоногийн дотор буцаагдсан хогоо ангилан ялгаад дахин ачуулаагүй тохиолдолд ажилчид гэрийн эзэнд амаар болон бичгээр сануулах бөгөөд эцсийн шатанд нэр усыг нь хотын захиргааны вэб сайтад зарлахаар болжээ.
Фүкүшима хотод өглөө бүрийн 8:30 цагт хог цуглуулах цэгүүдэд уут байрлуулдаг журамтай.
Иргэд эндээс авсан уутандаа хог хаягдлыг ангилан ялгаж хийгээд хуваарийн дагуу ачуулдаг байна.
Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тавилга зэрэг овор ихтэй хогийг ачуулахын тулд тусад нь цаг товлодог ажээ.
Японы засгийн газар 1990-ээд оноос эхлэн хог хаягдлын хэмжээг бууруулах, дахин боловсруулах ажлыг үндэсний хэмжээний зорилт болгож байв.
Орон нутгийн удирдлагууд уг зорилтыг өөр өөрийн арга замаар хэрэгжүүлдэг.
Жишээ нь Камикацү хэмээх жижиг хот огт хог хаягдал үүсгэдэггүй (zero-waste) хот болох том зорилт тавьж, бүх хог хаягдлаа 45 төрөлд ангилдаг болжээ.
Кагошима муж хогийн уутан дээр эзэн нь нэрээ заавал бичих журамтай. Өнгөрсөн онд Чиба хотын захиргаа оршин суугчдынхаа хог ангилан ялгалтад хиймэл оюунаар туслуулах туршилтыг эхлүүлжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!