Уншиж байна ...
Зураг
Зураг

Умард Солонгосын доод тал нь 100 цэрэг Украины эсрэг тулаанд алагдсаныг Сөүлээс мэдээллээ

Т.Давааням, ikon.mn
6 цаг 2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Арванхоёрдугаар сар гарснаас хойш Оросын талд Украины фронт дээр байлдаж байгаа Умард Солонгосын цэргүүдээс хамгийн цөөндөө 100 цэрэг амь үрэгдсэн тухай Өмнөд Солонгосын хууль тогтоогч өчигдөр сэтгүүлчдэд мэдээлжээ.

Тагнуулын албанаас парламентад өгсөн мэдээллийн дараа сэтгүүлчидтэй уулзахдаа гишүүн И Сон Кюн энэ тоо баримтыг дэлгэсэн байна.

“Үндэсний Тагнуулын Алба бас Умард Солонгосын шархадсан цэргийн тоо 1,000 орчимд хүрэхээр байгааг мэдээллээ” гэж тэр хэлжээ.

Хэдий хохирол амсаж байгаа ч Ким Жон Ун ойрын үед цэргийн шинэ хүчийг ОХУ руу илгээх төлөвтэй байгааг тэр мэдээлсэн байна.

Үүний хариуд Москвагийн эрх баригчид Умард Солонгосын хуучирсан зэвсэг техникийг шинэчлэхэд туслах санал тавьсан байж болзошгүй гэнэ.

Тулааны талбараас гадна бэлтгэл сургуулилалтын үеийн ослын улмаас цэргүүд амиа алдсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэнийг И Сон Кюн хэлжээ.

Тэдгээрийн дотор генералын түвшний цолтой хүн ч байгаа гэнэ.

Танил бус, дасаагүй орчин нөхцөл, дроны эсрэг тулалдах арга техник дутагдсан зэрэг нь хохирол амсах гол шалтгаан болж буйг Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага мэдээлжээ.

Энэ долоо хоногийн Мягмар гарагт Пентагоны төлөөлөгч бас ОХУ-ын Курск мужийн нутагт Умард Солонгосын "хэдэн зуун цэрэг" Украины зэвсэгт хүчинтэй тулалдах үеэр амь үрэгдсэн байж болзошгүйг мэдээлсэн юм.

 

Эх сурвалж: Yonhap News