Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Содбаатар: Олон улсын тавцанд Монголыг сурталчилж буй нэрт эрдэмтэнд "Чингис хаан" одонг олгож байгаа

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Чингис хаан" одонг маргааш монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд, ШУА-ийн газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, академич Д.Доржготов нарт хүртээнэ. 

Энэ нь удаа "Чингис хаан" одонг анх удаа хоёр эрхэмд, мөн гадаад улсын иргэнд олгох гэж байгаагаараа онцлогтой байна. 

Уг одонг хүртээхдээ ямар журам баримталдаг талаар болон шалгаруулалтын болон олон нийтийн сүлжээнд яригдаж байснаар Б.Болдсайхан эмчид олгож болох эсэх тухай сэтгүүлчид тодруулахад Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар "Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг олгох, нэр дэвшүүлэх журам байдаг. Ерөнхийлөгчийн 2013 оны 171 дүгээр зарлигаар батлагдсан. 

Журамд Чингис хаан одонг Монгол Улсын хамтлаг, хувь иргэн, хуулийн этгээдэд, мөн журмын 2.1.12-т улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлахад, тус улсын эдийн засаг нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр нийгмийн зүтгэлтэн, иргэд, эрдэмтдэд энэ шагналыг олгож болно гэж заасан. 

Энэ шагналд дэвшүүлдэг журам бий бөгөөд холбогдох байгууллагуудаас санал ирүүлж, дэвшүүлдэг. Үүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас авч үзээд, Ерөнхийлөгчид танилцуулж, шагнал олгодог журамтай. 

Б.Болдсайхан эмч бол Монгол Улсын гавьяат эмч. Анагаахын ухааны салбарт идэвх санаачилгатай ажиллаж буй манай улсын шилдэг эмч нарын нэг.

Энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 буюу тэгш жилийн ой тохиож байгаа. Иймд түүх соёлоо сурталчлах зорилгоор томоохон олон ажлыг хийж байна. Тухайлбал, их хааны эш хөргийг залах зарлиг гаргасан, Засгийн газраас ойн хүрээнд "Чингис хаан" хаад язгууртны музейг нээж, ашиглалтад оруулсан. Үүгээр дамжуулж, Чингисийн билиг сургаалийг таниулан сурталчлах, ШУА-тай хамтран олон улсын хурал зохион байгуулсан зэргээр олон талт ажил хийсэн. Иймд Чингис хаан, эзэнт гүрний судлалаар, Монголын түүх соёлын асуудлаар олон улсын тавцанд Монголыг сурталчилж буй нэрт эрдэмтэнд олгож байгаагаа хэлмээр байна" хэмээн хариуллаа.