Монгол Улс цахим үндэстэн болохоо зарлаад багагүй хугацаа өнгөрсөн ч иргэдийн амьдралд өдөр тутамд шаардлагатай томоохон системүүд учир дутагдалтай, алдаа доголдолтой хэвээр байна.
Үүний нэг нь Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын цахим систем. НДЕГ тухайн ААН, байгууллагын төлсөн шимтгэлийг цахим системдээ оруулж нэгтгэснийг И-Монголиа системд татаж авдаг байна. Ингэснээр иргэд И-Монголиа цахим платформыг ашиглан эмнэлэгт үзүүлэх, хэвтэн эмчлүүлэх, зээл авах гэх мэт нийгмийн бусад үйлчилгээг авах боломжоо эдэлдэг. Гэтэл НДЕГ энэ үүргээ цаг тухайд нь биелүүлж, ААН, байгууллагуудын шимтгэл төлөлтийг бүртгэхгүй удсанаас иргэд дээрх боломжтой ашиглаж чадахгүй, хугацаа тулсан үед НДШ төлсний хэргээ гаргаж чадахгүй, халааснаасаа нэмэлт зардал гаргаж зарим үйлчилгээг авах шаардлага үүсэж байгаа юм.
Тухайлбал, А байгууллагын ажилчдын есдүгээр сард төлсөн НДШ арваннэгдүгээр сарын эхний 10 хоногт багтаж "Төлсөн" гэсэн төлөвт шилжихгүй байгаагаас шимтгэл төлөгчдөд дээр дурдсан асуудлууд эхнээсээ тулгараад байна.
Нийгмийн даатгалын хуулиар ажилтан ажиллуулж буй байгууллага тухайн сардаа багтааж ажилтны Нийгмийн Даатгалын Шимтгэл (НДШ)-ийг шилжүүлэх үүрэгтэй. Харин төлбөрөө нэг хоног эсвэл нэг минут хоцроож төлбөл бүтэн сарын турш тухайн байгууллагын ажилтан Эрүүл мэндийн үйлчилгээ, зээл авах эрхгүй болдог байна. Жишээлбэл, есдүгээр сарын 30-ны дотор есдүгээр сарын цалинд ногдох НДШ-ийг төлөх үүрэгтэй байгууллага аравдугаар сарын 2-нд буюу хоёр хоногийн хоцрогдолтой, эсвэл 10 хоногийн дараа төлбөрөө төлсөн ч "Төлбөр төлсөн" гэсэн төлөвт шилжихгүй нь байна. Монгол Улсад аж ахуйн нэгжүүд цалинг урьдчилж биш, ажилласан хоногийн гүйцэтгэлээр тооцож олгодог тул 1-2 хоногийн хоцрогдол гарах боломжтой. Гэтэл энэ байдлаас үүдэн нэг байгууллагын бүх ажилтан нийгмийн халамжийн үйлчилгээ, зээл авах эрхээ дээрх шалтгааны улмаас бүтэн нэг сар алдахад хүрч байна.
Өнөөдөр зээл, татвар, цахилгааны төлбөр, гар утасны яриа, кабелын телевизийн бүхий л үйлчилгээний төлбөр хугацаа хэтэрсэн хэтрээгүйгээс үл хамааран мөнгөө төлсөн даруйд мэдээлэл нь шинэчлэгдэж, дараачийн харилцаанууд үүсдэг.
Харин цахим Монгол Улсад НДШ-ийн төлбөрийн бүртгэл сарын хоцрогдолтой байгаагаас болоод байгууллага нэг хоног ч бай, найман өдөр ч бай хугацаа хоцроход шимтгэл төлөгчид бүтэн сар ба түүнээс удаан хугацаагаар нийгмийн үйлчилгээ авах эрхээ хязгаарлуулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!