Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Санхүүгийн зохицуулах хороо БНСУ-ын Санхүүгийн үйлчилгээний хороо, Санхүүгийн хяналтын байгууллагуудтай хамтран ажиллахаар болов

ikon.mn
2022 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал БНСУ-ын Санхүүгийн үйлчилгээний хороо /FSC/-ны орон тооны гишүүн Ким Ен Жэ болон Санхүүгийн хяналтын байгууллага (FSS)-ын тэргүүн дэд дарга Ли Мюн Сүн нартай өнөөдөр уулзлаа.

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал энэ үеэр СЗХ-ны үйл ажиллагааны талаар товч танилцуулахын зэрэгцээ сүүлийн жилүүдэд хийсэн зарим онцлох ажлын талаар мэдээлэл өглөө. Ялангуяа хөрөнгийн зах зээлийн өсөлтийг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бодлогоор дэмжих, гадаадын хөрөнгө оруулагчдад болон мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлд шударга өрсөлдөөнийг бий болгох замаар санхүүжилтийн зардлыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар танилцууллаа.

зураг
 

Мөн тэрбээр банкны салбарын реформ, төрийн өмчит компаниудын өмчлөлийн хэлбэрийг оновчтой болгож, засаглалыг сайжруулж үе шаттайгаар олон нийтийн хяналттай, нээлттэй хувьцаат компани болгох хүрээнд хийхээр төлөвлөөд буй ажлынхаа талаар мэдээлэл өгсөн юм. Ингэснээр Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2-3 дахин өсөх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнүүд бий болно гэдгийг танилцуулсан юм.

Уулзалтын үеэр зохицуулагч байгууллагууд МХБ-д бүртгэлтэй компаниудыг Солонгосын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх, хадгаламжийн бичиг гаргах боломж, эрх зүйн орчныг сайжруулах тухай болон хоёр орны мэргэжилтнүүдийг сургах, мэргэшүүлэх хүрээнд хамтран ажиллах цаашид “Санхүүгийн хянан шалгагчдын түншлэлийн хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ шинээр зохицуулалтад ороод буй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэл, зохицуулалтын чиглэлд туршлага солилцох талаар ярилцаж хамтран ажиллахаар санал нэгдэв.

 

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо