Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

С.Бадрал: Чимэгэ технологи бол өмнө нь хэний ч хөгжүүлээгүй байсан шийдэл

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 10 сарын 31
Сурталчилгаа
Зураг зураг

Чимэгэ Системс компани Чимэгэ технологи шийдлээрээ өнгөрсөн сард болж өндөрлөсөн дэлхийн шилдэг гарааны бизнесүүдийн хамгийн том шалгаруулалт болох Start Up World Cup 2022 Finale-д орон орны 10 мянга гаруй гарааны бизнесүүдээс финалд шалгарч, амжилттай оролцсон юм.

Чимэгэ Системс компанийн үүсгэн байгуулагч С.Бадралтай бид энэхүү амжилт болоод бүтээж буй технологийнх нь талаар ярилцлаа.

- Start Up World Cup 2022 шалгаруулалтын Grand Finale-д Чимэгэ Системс технологийн шийдлээрээ амжилттай оролцоод иржээ. Чимэгэ Системс технологи юугаараа онцгой давуу талтай учраас үнэлэгдэж, энэхүү тэмцээнд оролцсон бэ?

Эхлээд бид юу хийдэг вэ гэдгээ тайлбарлах ёстой байх. Орчин үед хиймэл оюун ухаан гэж их ярих болсон. Тэгвэл хиймэл оюун ухааны зургаан гол мөчрийн нэг гэгддэг Natural Language Processing (NLP) гэж хэл шинжлэл, компьютерын ухаан, хиймэл оюуныг хамарсан дэд салбар бий. Өөрөөр хэлбэл хүний хэлийг машинд зааж, хүн машинтай өөрийн эх хэлээр саадгүй ойлголцох зорилготой технологийн шинэ салбар юм. Бид 2019 оноос Монгол хэлний дуу яриаг боловсруулах технологийг хөгжүүлж байна.

Google, Amazon, Microsoft гээд дэлхий технологийн бүх л аваргууд энэ технологийг өөр өөрийнхөөрөө хөгжүүлж байгаа. Alexa, Siri гээд уг технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээнүүд өдөр тутмын амьдралд аль хэдийн ороод ирсэн. Тэгвэл эдгээр дотроос Чимэгэ технологийг олон улсын уралдаан тэмцээнүүд онцлоод байгаа шалтгаан нь Чимэгэ бол одоогоор бага нөөцтэй хэл дээр хөгжүүлсэн цор ганц суурь технологи гэдэгт оршиж байна. Бага нөөцтэй хэл гэдэг нь цөөхөн хүн ашигладаг хэл гэсэн үг.

Чимэгэ бол одоогоор бага нөөцтэй хэл дээр хөгжүүлсэн цор ганц суурь технологи

Монгол хэлийг Монгол Улсад 3 сая, дэлхийн хэмжээнд 9-10 сая хүн ашигладаг гэсэн тооцоо бий. Энэ бол хэдэн зуун сая хүн ярьдаг Англи, Хятад, Хиндү зэрэг хэлнүүдтэй харьцуулбал маш бага тоо. Энэ тоо бага байх тусам энэ хэл дээрх өгөгдөл бага байна гэсэн үг. Ийм учраас энэ салбарын эрдэмтэд бага нөөцтэй хэл дээр speech recognition буюу яриа таних, speech to text буюу яриаг бичвэрт хувиргах нь ойрын ирээдүйд шийдэгдэх боломжгүй асуудал гэж үздэг байсан. Үүнийг л шийдсэн учраас Чимэгэ технологи тэсрэлт болсон хэрэг. 2021 онд бид шинжлэх ухааны суурь асуудлыг шийдсэн технологийг тодруулдаг Hello Tomorrow уралдааны Deep Tech Pioneer, мэдээллийн технологийн салбар дахь инновацыг хурдасгах зорилготой ITU Digital World SME 2021 уралдааны Ed Tech ангилалд шилдэг 10 оролцогчдын нэг гэх мэт хэд хэдэн уралдаанд амжилттай оролцсон нь ийм учиртай.

- Тэгэхээр Чимэгэ суурь технологийг ашиглаад өөр цөөн хүн амтай улс орнууд ч өөрсдийн хэл дээр NLP технологийг хөгжүүлэх боломжтой гэж ойлгож болох уу?

Болно. Чимэгэ технологи бага нөөцтэй, их нөөцтэй хэл аль алин дээр нь маш сайн ажиллана. Гол нь өмнө нь технологийн аварга корпорацууд маш их хөрөнгө оруулалтаар хөгжүүлдэг байсан технологийг бид маш бага нөөцөөр шийдэж чадсан. Энэ бол манай технологийн тэсрэлт болсон дараагийн шалтгаан юм. Ийм ч учраас WSA Global сүүлийн шатанд Кенийн Дороти гэж шүүгч эмэгтэй “Монголын Чимэгэ Системс компани өмнө нь хэний ч шийдээгүй байсан маш чухал суурь асуудлыг шийджээ. Энэ шийдлийн тусламжтайгаар Африк дахь олон арван хэл, соёлыг хамгаалах боломжтой боллоо” гэж дүгнэж байсан. Тус тэмцээний Business & Commerce ангилалд бид түрүүлсэн.

зураг
 

- Дэлхийн дээр танайтай адил технологи хөгжүүлж байгаа компаниуд, өрсөлдөгчид хэр олон бэ?

Саяхан Английн нэг стартап энэ чиглэлд гарна гэдгээ зарласнаас өөрөөр одоогоор манайхтай яг адил компани байхгүй байна. Бид анхдагч байж чадсан тул дэлхийн бусад гарааны бизнесүүдийг өрсөлдөгч гэж хардаггүй. Харин цаашид Google, Amazon, Microsoft гэсэн аварга компаниуд л бидэнтэй өрсөлдөх байх. Одоогоор Казахстан, Киргизстан, Туркменистан гэх мэт Дундад Азийн олон улсууд өөрсдийн хэл дээр NLP технологио хөгжүүлээгүй байна. Манай Чимэгэ технологи Казах, Киргиз зэрэг алтай язгуурын хэлнүүдийг 90 хувьтай таньж байгаа. Тэгэхээр Казахстан казах хэл дээрх суурь технологи авах шаардлагатай болоход манай эсвэл Google-ийн суурь технологийг ашиглана гэсэн үг.

- Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол Улсын анхны виртуал иргэн Эгүнэг олон нийтэд танилцуулсан. Эгүнэ мөн танай хөгжүүлсэн бүтээгдэхүүн. Энэ бүтээгдэхүүнийхээ талаар танилцуулаач?

Alexa, Siri зэрэг виртуал туслахуудыг бид мэднэ. Гэвч хэлний саадаас болоод Монгол хүн бүр хэрэглэж чаддаггүй. Эгүнэ бол Монгол хэлийг ойлгодог ийм виртуал туслах. Манай компанийн зорилго бол Монголчуудад өмнө хаалттай байсан технологиудыг нээж өгөх замаар хүмүүсийн амьдралыг илүү аз жаргалтай болгох. Ийм ч учраас энэ зорилгынхоо хүрээнд Чимэгэ технологи дээрээ суурилан Болорсофт Эгүнэг хөгжүүлж байна. Одоогоор хараахан бэлэн болоогүй байгаа бөгөөд сая туршилтын хувилбарыг үзүүлсэн.

- Тэгвэл цаашид Чимэгэ суурь технологи бидний амьдралд өөр ямар өөрчлөлт авч ирэх бол?

Бид Чимэгэ суурь технологи API-аа технологийн компаниудад нээж өгч байгаа. Өөрөөр хэлбэл технологийн компаниуд, хөгжүүлэгчид манай суурь технологийг ашиглан бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлж, шинэ апп, программ бий болгон хэрэглэгчдэд санал болгох боломжтой гэсэн үг. Жишээлбэл, манай API-г ашиглаад электрон худалдааны компани цахим хуудсандаа эсвэл банк өөрийн апп-даа дуу хоолойн туслах нэмж болно. Үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчид дуу хоолойгоор удирддаг ухаалаг гэр, автомашин борлуулагчид автомашины виртуал туслах хэрэглэгчдэдээ санал болгож болно. Гэхдээ энэ бол энгийн хэрэглэгчид харагдаж, мэдрэгдэх үйлчилгээнүүд. Үүний цаана технологийн илүү том өөрчлөлт явагдана.

Хүн төрөлхтөн өмнө нь байгаагүй их мэдээлэл дунд амьдарч байна. Энэ их мэдээллээс хэрэгтэйгээ олж авах, эсвэл бүтэцгүй мэдээллийг ашиглах хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж байна. Тэгэхээр машин хүний хэл яриа, бичиг үсэг ойлгодог болохын хэрээр энэ их мэдээллийг ангилж, ялгаж мэдлэг болгох боломжтой болно. Маш энгийн нэг жишээ хэлэхэд А гэж компанийн талаар цахим хуудас, олон нийтийн сүлжээнд эерэг сөрөг хэдэн зуун мянган сэтгэгдэл байгаа. Гэвч энэ их сэтгэгдэл эерэг байна уу, сөрөг байна уу, юуг нь магтаж, юуг нь шүүмжилж байна гэдгийг гараар тоолох аргагүй. Энэ бол бүтэцгүй мэдээлэл. Тэгвэл NLP технологи дээр суурилан А компанийн тухай бүх сэтгэгдлийг цуглуулж, бүтцэд оруулан шинжилгээ хийж болно. 

зураг
 

- Одоогоор та бүхэн Монголын ямар компаниудтай, ямар шийдэл дээр хамтран ажиллаж байгаа вэ?

Манай томоохон компаниудын ашиглаж байгаа ERP, CRM, Contact Center болон бусад цөм программ хангамжуудын ихэнх нь дуу хоолой дэмжих функцтэй. Гэвч энэ технологи саяхныг хүртэл Монголд хөгжөөгүйгээс хөрөнгө оруулсан технологио бүрэн дүүрэн ашиглах боломжгүй байлаа. Бид одоогоор Голомт банк, Мобиком корпорацтай хамтран эхний төслүүдээ хэрэгжүүлж байна. Би өмнө нь хэлсэн энэ бол суурь технологи юм. Манай суурь технологийг бусад байгууллага ашиглаад өөрсдийн үйлчилгээгээ загварчилж хүргэнэ гэсэн үг юм.

Мобиком корпорацтай хамтран Монголын анхны ухаалаг дуудлагын төвийн үйлчилгээг хөгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, удахгүй та Мобикомын дуудлагын төвд холбогдохдоо оператортай биш хиймэл оюун ухаантай ярилцаж, танд тулгарсан асуудлыг хиймэл оюун ухаан шийднэ гэсэн үг. Голомт банктай бас суурь API болон Social Pay апп-д дуу хоолойн туслах нэмэх төслүүд дээр ажиллаж байна. Удахгүй та Social Pay аппыг удирдахдаа дэлгэц дээр товчлуур дарах биш дуу хоолойгоо ашигладаг болно гэсэн үг. Бид байгууллагын хэрэглэгчдэд зориулаад чат бот, войс бот, мөн апп-ын дуу хоолойн туслах үйлчилгээнүүдийг 2023 оны эхний хагас бэлэн болгон танилцуулна. Цаашид суурь технологи маань улам бүр хөгжихийн хэрээр илүү дэвшилтэд шинэ үйлчилгээнүүд санал болгох болно.

- Тэгвэл эдгээр үйлчилгээнүүдийн гол давуу тал нь юу вэ?

Орчин үед байгууллага хэрэглэгчид, иргэдтэй маш олон сувгаар холбогддог болжээ. Өмнө нь албан байгууллагын утас, за арай боловсронгуй болоод дуудлагын төв л гэж байлаа. Тэгвэл өнөөдөр хэрэглэгч имэйл, олон нийтийн сүлжээ, мессенжер, вайбер зэрэг харилцаа холбооны апп-ууд ашиглаж байгууллагад санал хүсэлтээ илгээж байна. Энэ олон харилцааны сувгийг хүний хүчээр нэгтгэж удирдаж, хэрэглэгчийн хандалт бүрд хариу өгөх нь бараг л боломжгүй эсвэл маш их нөөц шаардсан үйл явц гэдгийг байгууллагууд мэдэж байгаа. Тэгвэл войс бот болон чат бот нь энэ асуудлыг л шийдэж байгаа юм. Өнөөдөр жишээ нь хэрэглэгч аль нэг компанийн дуудлагын төвд холбогдоход урьдчилан бичиж, бэлдсэн мэдээллийг сонсож, тэр бүрийн араас товч дарж сонголтоо хийх болдог. Оператортай холбогдох боллоо гэхэд шугам завгүйгээс хүлээх тохиолдол цөөнгүй. Тэгвэл жишээ нь войс бот нь шууд хэрэглэгчийн асуусан асуултад хариу өгөх, зарим тохиолдолд энгийн хялбар үйлчилгээ үзүүлэх шаардлагатай тохиолдолд л оператор эсвэл хариуцсан мэргэжилтэнтэй холбодог. Чатботын хувьд мөн адил. Бичвэрээр хэрэглэгч байгууллагатай холбогдож буй бүх платформ дээр хэрэглэгчид хариу өгч, үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг.

Ингэж хэрэглэгчийн үйлчилгээг автоматжуулаад зогсохгүй хэрэглэгчтэй холбогдсон яриа, бичвэр бүрийг хадгалж, ялгаж, ангилж байгууллагыг өндөр үнэ цэнтэй мэдээллээр хангаж чадна.

Дараагийн нэг үйлчилгээ нь апп-ын дуу хоолойн туслах. Өнөөдөр олон арван компани өөрийн үйлчилгээгээ апп-аар дамжуулан хүргэж байна. Гэхдээ эдгээр бүх апп тоуч технологи ашиглаж ажилладаг. Зарим хүмүүс тухайн апп-ын үйл ажиллагааг сайн ойлгохгүй, өөрт шаардлагатай командыг олохгүй зэрэг тохиолдолд цаг алдах эсвэл ахиад тухайн компанийн дуудлагын төвтэй холбогдох зэрэг асуудал үүсдэг. Тэгвэл апп дээрээ дуу хоолойн функц нэмж өгснөөр хэрэглэгчид ашиглахад улам хялбар болохоос гадна бүтээгдэхүүн үйлчилгээгээ өргөжүүлэх боломжтой болох юм.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.