Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

О.Амартүвшин: Хууль шинэчлээд МҮХАҮТ бүгдийг нэгтгэж буй ойлголт биш, бид уялдаа холбоог нь хангадаг, төртэй зөв ажилладаг шүхэр болох ёстой

Р.Оюунцэцэг, IKON.MN
2022 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 



-МҮХАҮТ-ын талаар хоёр асуудал олон нийтийн анхаарлыг татаад байна. Үүний нэг нь ОХУ-ын харилцаа. Тодруулбал, МҮХАҮТ гадаад нөхцөл байдал ийм байгаа үед ОХУ-ын талтай илүү хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь анзаарагдаж байгааг олон нийт шүүмжилж байна. Энэ талаар та ямар байр суурь илэрхийлэх вэ? 

-Орос, Украины дайны асуудал мэдээж ноцтой, хүнд байгаа. Гэхдээ бид аливаа асуудалд ер нь хэт сүржигнэхээ больчих хэрэгтэй мэт санагддаг. Тэр тусмаа нийгэмд өөрийн орон зайтай, төрд хариуцлагатай ажил хийж байгаа хүмүүс аливаад ултай суурьтай хандах хэрэгтэй шүү дээ. Бид өчигдөр ч, өнөөдөр ч, маргааш ч улс орнуудын худалдааг яаж дэмжих вэ гэдэг дээр гол анхаарлаа хандуулсаар ирсэн. Хандуулсаар ч байх болно. Өмнө нь ч ийм саналууд ирдэг байсан. Дан ганц Орос биш, бүх л улс орны бизнес эрхлэгчид МҮХАҮТ руу хандаж, түнш хайдаг, бараа бүтээгдэхүүн авах, зарах хүсэлтээ илэрхийлдэг. Бид эдгээр мэдээллийг гишүүн компаниуддаа болон шаардлагатай бол нийтэд мэдээлдэг. Компаниуд сонирхвол хоорондоо шууд харьцдаг. Харилцаа нь амжилттай болбол хамтын ажиллагаа үүснэ. Худалдаа хоёр талдаа амжилттай хийгдэнэ гэдэг улс оронд л хэрэгтэй шүү дээ. Тэр тусмаа КОВИД-ын дараа Монголын бизнесийнхэн маш хүнд байгаа өнөөгийн нөхцөлд нэг ч гэсэн бүтээгдэхүүнийг экспортолж л байвал сайн. 

Нөгөө талаар, бид төр засгийнхаа гадаад бодлогыг л одоо хэлбэрэлтгүй дагана. Нэгэнт л Монголын Засгийн газар худалдааг гол бодлогоо болгож, дэмжиж байгаа бол бид хийнэ. Ямар хориглосон бараа бүтээгдэхүүн ч юм уу, зэвсгийн худалдааг дэмжиж байгаа биш. Тийм зүйл хийх ч үгүй. Бидэнд юу л байна, ноос ноолууран хөнжил, үүсээд байгаа аяны бүтээгдэхүүн, хүнс гээд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүд байна. Энийгээ л зарж байж валютын хомсдолыг даван туулах ёстой биз дээ? 

Үүнийг нийтэд мушгин гуйвуулж ойлгуулах, тэгээд хувь хүн субъектив байдлаар хандах нь зохимжгүй. 

-Ярилцлагын эхэнд дурдсанчлан хоёр дахь анхаарал татаж байгаа асуудал бол Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль. 20 жилийн дараа өөрчлөхөөр өргөн барьж байгаа энэ хуулийн шинэчлэлийн шалтгаан, ач холбогдлыг зайлшгүй ярих хэрэгтэй болов уу?

-1995 онд МҮХАҮТ өөрийн бие даасан хуультай болсон. Дэлхийн бүх улс орон танхимын тусгайлсан хуультай байдаг. Зарим хүн танхим бол нэг ТББ гэж яриад байгаа. Дэлхий дахинд танхим бол нэг ТББ биш л дээ. Энэ нь өөрийн гэсэн нийтийн эрх зүйн систем үйлчилдэг, тусгай хуулиар зохицуулагддаг, өөр орон зай. Ер нь бүхий л улс орны хувийн хэвшил, тэдгээрийн эвлэлдэн нэгдэх орон зайг хамгаалах, бодлогын өмгөөлөл үзүүлэх гэдэг нь өөрөө хуульчлагдсан, хамгаалагдсан байдаг. 

Танхим гэдэг ойлголт дэлхий даяараа бий болоод 400 жил болчихсон, тогтсон соёл. Дэлхийн ихэнх улс орон үүгээр дамжуулж л эдийн засгийн салбараа хөгжүүлж ирсэн. Танхим нь бүх хувийн хэвшлээ төлөөлж, бодлогын гол дуу хоолой болж, төр засагтайгаа ажилладаг институт. Бидний жишээ татах дуртай хөгжлөөрөө түүчээлэгч бүхий л улс орон яг энэ зарчмаар явдаг. 

Хаана танхим нь сул байна, тэнд эдийн засаг нь сул, хувийн хэвшил нь сул, дуу хоолой нь нэгдмэл биш байна

Пост коммунист буюу тухайн үеийн ЗХУ-ын шууд хамаарал болон нөлөөнд байсан улсуудад энэ асуудал сүүлийн 30 жил яригдаж байгаа. Ихэнх улс орон хуулиа солиод, илүү Герман, Австри, Туркийн хэв шинжтэй хуульд бүрэн шилжчихсэн. Сүүлийн жилүүдэд л гэхэд Унгар, Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан зэрэг улс хуулиа шинэчилж байна. Ялангуяа, Казахстан, Узбекистан маш сайн жишээнд тооцогдоно. Тэд Туркийн нөлөөгөөр хуулиа бүрэн шинэчилсэн. 

Дэлхийн улс орнуудын танхимыг үндсэнд нь хоёр ангилаад байгаа. Эх газрын эрх зүйн системтэй, Англо саксоны загвартай. Тухайлбал, манай иргэний гол хууль бүгд эх газрынх шүү дээ. Энэ утгаараа бид Герман, Европын танхимуудын хуулийг иш болгож, 40 гаруй улсыг судалсан. Ялангуяа Герман, Туркийн хуулийн загвар манайд илүү нийцтэй байгаа.  

Яагаад би энэ тухай яриад байна гэхээр хаана танхим нь сул байна, тэнд эдийн засаг нь сул, хувийн хэвшил нь сул, дуу хоолой нь нэгдмэл биш байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Ийм байгаа орнууд гэвэл өнөөдөр хуучин соц лагераас Туркменистан үлдэж байх байх шиг байна. Тэгээд Монгол байна. 

-Яагаад өнгөрсөн хугацаанд тэгвэл энэ шинэчлэлийг хийх оролдлого гарч байсангүй вэ? Яагаад одоо гэж?

-Танхим сул, хувийн хэвшил сул байх нь улстөрчдөд болон төрийн албан хаагчдад их ашигтай байдаг юм байна л даа. Уг нь бол хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн загвар буюу төр, хувийн хэвшил нэг түвшинд хэлэлцээр хийх ёстой. Хэн хүчтэйгээ харуулах гэхээсээ илүү хамтарч урагшилдаг байх ёстой. Энэ тухай би өмнө нь 2019 онд Танхимын сонгуульд нэр дэвшиж байхдаа ч, одоо ч хэлж байгаа. Төр, эдийн засаг бол нэг зоосны хоёр тал юм. Зогсвол хамт зогсдог. Ухарвал хамт ухардаг. Урагшилбал хамт урагшилдаг гэж. 

Төр нь хувийн хэвшлээ дарамтлах гэдэг ч юм уу, ямар нэгэн байдлаар үл ойшоох, хувийн хэвшил мөн адил төрд ийм хандлага гаргах ойлголт байж болохгүй. Иймд хувийн хэвшил нь эрх ашгаа хамгаалдаг, эвлэлдэн нэгддэг, салбараа хөгжүүлдэг, салбарыг боловсон хүчний бодлогоор зохицуулдаг, өөрөө өөрийгөө хянах, зөвлөх, сурах зэрэг асар олон зүйлийг агуулсан, дэлхийн бусад улс оронд байдаг үлгэр жишээ хуулийг бид нэвтрүүлж байгаа. Ингэхгүйгээр хувийн хэвшлийн орон зай тэлэхгүй, эдийн засгийн орон зай тэлэхгүй, төрийн том төслүүд явахгүй. Ер нь салбар хэзээ ч эвлэлдэн нэгдэхгүй. Бид шинэ дугуй зохиогоод байгаа хэрэг биш, бусад улс орны нийтлэг хуулийг л Монголд тохирох нь энэ гэж үзэж байгаа. Бизнесийн орчин сайжрахгүй хэвээр байвал гаднын хөрөнгө оруулагчид биднийг сонирхохгүй.

-1995 оны хууль яагаад үүнд үйлчилж чадахгүй байна вэ?  

-Оросууд танхимын хуулиа 1992-1995 оны хооронд сольсон бөгөөд хуулийг нь америкчууд хийж өгсөн. Америкийн танхимын хууль үндсэндээ Оросын хууль болж хувирсан гэсэн үг. Америк өөрөө холбооны улс, маш том тогтолцоо. Тэнд магадгүй бизнес, танхимынх нь орон зай төрөөсөө түрүүлж бий болж, төр засгаа эдийн засгийн хувьд удирдан чиглүүлж ирсэн соёлтой. Тэнд төр засгийн бүх бодлого нь бизнес, эдийн засгийн орон зайг л тэлэх байдаг. Хэзээ ч төр өөрөө бизнес хийдэггүй. Аль нэг компани, эсвэл ассоциац, төрийн бус байгууллагаар дамжуулж хийдэг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Төрийн шалгалтыг тэнд дандаа мэргэжлийн компаниуд, мэргэжлийн холбоод хийдэг. Ерөөсөө л анхнаасаа суурь бодлого нь эдийн засгаа дэмжих буюу биднийхээс 180 градус эсрэг агуулгатай шүү дээ. 

Манайд бол төрийн оролцоо нь өөрөө эдийн засагтаа 40 орчим хувьтай, төр илүү оролцох дуртай, сонирхолтой, тэрийгээ зөв гэж тайлбарлах хандлагатай. Дээрээс нь ААН-үүд ч тэр төрийн бараг л бүх шатны дарга цэргээс хамааралтай мэтээр өөрсдийгөө ойлгодог. Асуудлаа тэдэн дээр очиж шийдэх гэж оролддог. Хэзээ ч хоорондоо ярьж, системээр асуудал шийдэхийг ойлгодоггүй. Энэ нь ерөөсөө бидний 70 жил замнасан замнал, сүүлийн 30 жил явж ирсэн хандлагын л үр дүн шүү дээ. 

Тэгэхээр Америкийн танхимын хууль бидэнд яагаад ч зохихгүй нь ойлгомжтой, тэр том нэгдсэн улсын систем. Орос ч гэсэн том холбооны улс. Гэтэл бид гурван сая гаруйхан хүн амтай. Эдийн засгийн маш цөөхөн салбартай байж энэ хуулиар зохицуулагдах боломжгүй. Бидэнд илүү эв нэгдлийг сахисан бодлого хэрэгтэй

Жишээ нь Баруун Европын, манайхтай ойролцоо хүн амтай, цөөн эдийн засгийн загвартай ихэнх улсын загвар ингэж л явж байгаа. Жишээлбэл, Казахстан, Дундад Азийн гэгддэг орнуудад бүгдийг Туркүүд яг л ийм болгож өгсөн. Үүний дараа ямар үр дүн гарсан гэвэл хувийн хэвшил маш хүчтэй болсон, эдийн засгийн үйл ажиллагаа тэлсэн, экспортууд нь нэмэгдэж байгаа. Энэ бүх үйл явц улс орны эдийн засагт маш их хэрэгтэй. Узбекистаныг л  хар. Хуулиа шинэчлээд дөрвөн жил болж байна. Тэнд эдийн засгийн суурь ойлголт үнэхээр орвонгоороо эргэж, маш хүчтэй, гадаад худалдааг дэмжсэн, маш хүчтэй аж үйлдвэрлэл явж байна

-Ер нь манайд танхим цаашдаа дараагийн түвшинд гаръя гэвэл яг одоо явж байгаа хууль эрх зүйн орчноо шинэчлэхгүйгээр явахгүй юм байна гэж ойлголоо. Манайд хуулийн шинэчлэлгүйгээс ямар бэрхшээлүүд үүсээд байна вэ?

-Өнөөдөр Монголын эдийн засгийн салбарт ихдээ л 30 орчим салбар байгаа. Тэгээд 21 аймагт тарж байрлаж байна. Улаанбаатар хотод бараг 70 хувь нь төвлөрчихсөн. Нийт эдийн засгаа харвал уул уурхайгаас дийлэнх нь хамааралтай болчихсон. Бидэнд экспортод гарч болох харьцангуй давуу талууд бий. Гэтэл үүнийгээ бид хэзээ ч давуу тал болгож чадахгүй байна. Яагаад гэвэл салбар болгонд маш олон ижил төстэй төрийн бус байгууллагууд байдаг. Үүнийгээ бид чөлөөт зах зээлийн соёл гэж яриад байдаг. Гэхдээ тийм биш гэдгийг одоо ойлгомоор байна.

Хувь хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээд гэдэг хоёрын хооронд маш том зааг ялгаа байх ёстой. Тухайн салбарын, тухайн газар нутгийн, нэгдмэл байдал гэж зүйл байдаг юм байна. Эдийн засгийн эрх ашиг гэж зүйл байдаг юм байна. Тэгвэл өнөөдөр салбар салбараар нь авч үзвэл тийм нэгдмэл зүйл байна уу, байхгүй. Байх ч боломжгүй юм байна. Тухайлбал, 24,000 орчим ТББ, тэр дотроо бизнестэй холбоотой 3,700 гаруй байдаг бол нэг салбарт л 50, 60, 70-аараа байдаг. Эдгээр нь салбарын эрх ашиг гэхээсээ илүү нэг хувь хүний, магадгүй улс төрийн нөлөөтэй нэг хүний хамгаалах хэрэгсэл, эсвэл төсвөөс хулгай хийх хэрэгсэл болоод хувирчихсан. Бие биеэ үгүйсгэдэг. Ямар нэгэн салбарын асуудал ярихаар бие биенээ буруутгадаг, нэгдэж асуудлаа эрэмбэлж чаддаггүй.

Үүнтэй холбоотойгоор төр засаг ч шийдвэрээ гаргаж чаддаггүй. Ингээд нэг асуудал гарахаар 2-3 хуваагдчихдаг. Эсвэл тухайн ТББ-ыг төлөөлж байгаа цөөн нэг хоёр том компани эрх ашгаа шийдүүлээд асуудлыг орхичихдог. Жижиг, дундуудыг эрх ашиг ямагт хаягддаг. Энд төлөөлөл гэдэг зүйл байдаггүй юм байна гэдгийг ойлгох байх. 

Энэ мэтчилэн систем эмх замбараагүй байвал хэчнээн олуулаа, хүчтэй байгаад юу ч биш гэдгийг бид ойлгох ёстой. Ерөнхийдөө бизнес болгон дээр тулгардаг нийтлэг 5-6 асуудал байдаг. Эдгээрийг шийдэхийн тулд зөв эвлэлдэн нэгдэх л ёстой. Зах зээлээ хөгжүүлэх, хамгаалах, зах зээлд өөрөө өөрийгөө хянах, өөрөө өөрийгөө хөгжүүлэх боловсон хүчний асуудал байна. Нийлж худалдаагаа дэмжих, нийлж экспортод гарах гээд хэдхэн асуудал байгаа. Энийгээ л бүгдээрээ нийлээд хийчихье гэж байгаа юм. 

Төрийн хяналт шалгалт гэдэг ойлголт бидний жишээ татдаг олон улс оронд өнөөдрийнх шиг биш байна. Нэг мэргэжлийн хяналтын байцаагч ирээд л ямар ч том компанийг хэн ч биш болгодог. Компаниуд нь тэрнээс хамааралтай юм шиг ойлгож ажилладаг ийм зүйл байдаггүй юм байна. Тэнд хоёр л зүйлийг ярьдаг юм байна. Бараа бүтээгдэхүүний стандарт, аль улсын стандартыг хангах байгаа юм. Европыг хангаж байгаа юм уу, Японыг хангаж байгаа юм уу. Тэнд ажиллаж байгаа хүмүүс ажил мэргэжлийн ямар стандарт хангаж байна вэ гэдэг хоёр зүйлийг л шалгадаг, хянадаг, сайжруулдаг ийм тогтолцоо байхаас биш нэг мэргэжлийн хяналтын байцаагч ирээд өөрийн үзэмжээр асуудалд ханддаг зүйл байдаггүй. 

-Тэгвэл хууль бий болсноор ямар шинэ даваа тал бий болно гэж тооцож байна вэ?

-Бидний хэлээд байгаа мэргэжлийн танхимыг бий болгох юм бол энэ хянах, шалгах, зөвлөх, сургах үйл ажиллагаа, уялдаа холбоо эрс сайжирна. Өөрөө өөрийгөө хянах тогтолцоо бий болно. Том лабораториуд бий болно. Илүү мэргэжлийн, илүү зовлон нэг байгаа шүү дээ. Жишээлбэл, хүнсний салбарт ажилладаг бүх л компанийн зовлон нэг шүү дээ. Зорилго бас ойролцоо л байгаа. Тэдний боловсон хүчний проблем, санхүүгийн проблем, стандартын проблем нэг л байгаа. Үүнийгээ нийлж яаж сайжруулах вэ, төр засгаараа асуудлаа яаж зөв эрэмбэлж шийдүүлэх вэ гэдэг энэ уялдаа холбоог хангах нь л энэ хуулийн үндсэн мөн чанар. 

Үүнийг хийхгүйгээр бид хэзээ ч амжилт олохгүй. Яг энэ 30 жилд, сүүлийн 10 гаруй жил доороо хий эргэлээ гэж яриад байна. Үүгээрээ л байна. Төрийн оролцоо өндөр байдгаараа байх юм байна. Манай Монголын Засгийн газрын нас 1.6-1.7 жил. Энэ нь явдгаараа явах юм байна. Тэр болгонд харьяа яамд солигддогоороо солигдох юм байна. Ингэхээр хувийн хэвшилтэй харьцдаг орон зай байдгаараа л байх юм байна, хөгжихгүй нь байна шүү дээ.

Өнөөдөр Монголоос яг уул уурхайн бус экспортод гарч байгаа бүтээгдэхүүнийг нэрлээдэх гэвэл хуруу дарам цөөн. Үнийн дүн бага. Гэтэл боломж маш их байгаад байдаг. Энэ болгоныг эв санааны нэгдлийг бий болгож байж хангадаг гэдгийг дэлхийн бүхий л улс орон харуулж, бидэнд санал зөвлөгөөгөө өгч байгаа. 

Хуулийн утга санаа бол үүнийг л зөв, системийг том, дунд, жижиг гэж уялдуулаад бүгдийг нь зөв ажиллуулах. 

Өнөөдөр Монголд бизнес хийж байгаа 69,000 компани байна. Эндээс 5,000 гаруй нь танхимын гишүүн. Тэгэхээр бид энэ бүх бизнесийг төлөөлж, бодлогын өмгөөлөл үзүүлж чадах уу? Тооны хувьд энэ чинь 10 хүрэхгүй хувь. Үлдсэн нь танхимаар төлөөлөгдөх ёстой гэж болохгүй болчхоод байна шүү дээ. Тухайн мэргэжлийн холбоод ч гэсэн адилхан. Жишээ нь, хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа холбоод тэр салбарт ажиллаж байгаа бүх компанийг бүрэн төлөөлж чадах уу? Тийм юм байхгүй байгаа шүү дээ. 

"Бизнес эрхэлж л байгаа бол заавал танхимдаа бүртгүүлэх ёстой. Татвар гэж яриад байгаа. Татвар биш, бүртгэлийн хураамж гэж бий"

-Хуулийн төслөөс нэг заалт нэлээд шүүмжлэл дагуулж байгаа. Ашгийн төлөө бизнесийн байгууллага заавал танхимын гишүүн байх тухай. Танхим одоо ингээд бүгдийг нь хянаж, цагдах нь, хатуу гишүүнчлэл тогтоох нь. Тэгээд зогсохгүй гишүүнчлэлээ зөрчвөл торгож, хянадаг болох нь гэж хараад байгаа. 

-Ер нь энэ хуулийн гол утга учир нь хоёр зүйл дээр тогтож байгаа.

Нэгдүгээрт, бизнес эрхлэгч, хэн бизнес эрхлэгч болно, тухайн танхимдаа бүртгүүлнэ. Тэр нь МҮХАҮТ биш шүү дээ. Өнөөдөр МҮХАҮТ-ын гишүүд хэн байдаг вэ гэхээр 21 аймаг, нийслэлийн танхимууд, түүн дээр мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, хувь хүн, гаднын этгээд гээд замбараагүй байдаг. Замбараагүй 5,500 гишүүн дээр бид яаж бодлогын зохион байгуулалт хийх вэ? Бидний хүн хүч ч хүрэлцэхгүй шүү дээ. Энэ байдлыг нэгдүгээрт газар нутгаар нь, хоёрдугаарт эдийн засгийн салбараараа дагнуулж танхим байгуулах тухай яриад байгаа юм.

Жишээлбэл, Дорнод аймгийн бизнес эрхлэгчид Дорнод аймгийнхаа танхимд бүгд бүртгүүлэх ёстой гэж байгаа. Тэндээ бүртгүүлэхээр Дорнод аймаг дахь эдийн засгийн ач холбогдлоороо эрэмбэлэгдэх тухайн салбартаа хуваагдаж ажиллана гэсэн үг. Улаанбаатар хотод байгаа томоохон компаниуд, жишээ нь авто замын бродюр сольдог, хот тохижилтын компаниуд Улаанбаатар хотынхоо танхимын гишүүн болно, бүртгүүлнэ. Ноос ноолуурын компани гэдэг ч юм уу, уул уурхайн зориулалттай, томоохон барилгын компаниуд магадгүй тухайн эдийн засгийн дагнасан танхимынхаа гишүүн болно. Энэ нь өөрөө сонголтоор байх юм. Ингээд өөр өөрийнхөө танхимыг бүгд нийлж бүрдүүлнэ гэсэн үг. 

Эдгээр танхим нь үндэсний танхимаа бий болгоно. Үндэсний танхимын үндсэн үүрэг нь хувийн хэвшлийн төлөөллийн байгууллагын хувьд төр засагтай ажиллах суурь, бодлогын өмгөөлөл үзүүлэгч байгууллага болж хувирна. Дээрээс нь нэгдсэн стратеги, бодлого судалгааны төв болж хувирна. 

Та мэдэж байгаа байх, уул уурхайтай холбоотой яг эдийн засгийн тоо баримт хаана байна, барилгын салбарын тоо баримт хаана байна гэхээр байдаггүй. Өнөөдрийн энэ тогтолцоогоор танхим энэ бүгдийг хийж чадахгүй шүү дээ. Танхимд өдөр тутмын асар их ажил байна, энэ олон задгай гишүүдтэй ажиллахаар. Бид авто замын стандартыг ч мэдэх ёстой болдог, авто тээврийн стандартыг ч мэдэх ёстой болдог. Гэтэл энэ нь удирдлага зохион байгуулалтын хувьд асар буруу. 

-Удирдлага, зохион байгуулалт зөв болно гэдгийг та илүү тодруулахгүй юу? 

-Мэргэжлийн танхимууд болон орон нутгийн танхимууд илүү зөв зохион байгуулалтад орсноор тэд өөрөө өөрийнхөө аймагтаа, өөр өөрийнхөө салбарын яамдтай ажиллах боломж бүрдэж, илүү зохион байгуулалт бий болно.

Үндэсний танхим хоорондын уялдаа холбоо, боловсон хүчний уялдаа холбоог хангана. Мэргэжил, боловсон хүчний төвийн уялдаа холбоог хангана. Нийт Монголын эдийн засгийн суурь тооцоо судалгаануудыг хийдэг төв болно. Монголын эдийн засаг хаашаа хөгжих ёстой вэ гэдэг тинк танк, шийдлийг ярьдаг хөгжлийн төв болж хувирна. Монголын компаниуд нийлж дэлхийн зах зээл дээр гарахад тэрийг экспортоор яаж бид зөв дэмжих вэ гэдгийг тооцож, судалж, чиглүүлдэг, цэвэр бодлогын байгууллага болж хувирна.

Энэ нь төр засагт маш том дэмжлэг болно. Засгийн газар ойр ойрхон солигддог талаар дээр дурдсан. Аль салбарт ямар шийдвэр гаргах вэ гээд дандаа эхэлдэг. Маш олон задгай саналууд ирдэг, алийг нь ч шийдэж чаддаггүй. Ингээд цаг хугацаа алдаад байдаг. 

Хувийн хэвшил нэг талдаа зөв эвлэлдэн нэгдээд, эв санааны нэгдлийг бий болгоод, зөв чиг баримжаатай болоод байвал тэнд ч шийдвэр гаргахад хаа хаанаа амар. 

Дээрээс нь төрийн худалдан авалт гээд том зүйл бий. Энэ бол эцсийн дүндээ дотоод эдийн засгаа дэмжих бас нэг том хөшүүрэг шүү дээ. Энд компаниуд маш их гомдолтой байдаг. Орон нутагт хотоос цаасны компаниуд очоод авчихдаг гэж ярьдаг. Дараа нь хувиа аваад бусад компанид зардаг гэж ярьдаг. Энэ байдал үгүй болно. 

Бизнесийн зориулалттай гэх юм уу даа, аж үйлдвэрийн зориулалттай техник тоног төхөөрөмжийн бүртгэлийг жишээ нь эдгээр бүх танхим хийчих юм бол тэр чигтээ нэгдсэн систем бий болно. Хоорондын уялдаа холбоо сайжирна, ашиглалт сайжирна. 

Туркийн ХАҮТ-ын нэг жишээг ярья. 10 гаруйхан жилийн өмнө Туркийн газрын боомтууд одоогийн манайх шиг хүчин чадал маш муу, өрсөлдөх чадвараар сул байсан юм билээ. Тэр үед танхим төр засагтайгаа хэлцэл хийгээд PPP буюу “төр хувийн хэвшлийн түншлэл” концессоор аваад маш богино хугацаанд бүхэлд нь эрс шинэчлэл хийсэн. Бараа, худалдааны эргэлт 4 дахин сайжирсан байгаа юм. Энэ л шүү дээ. Харьцуулсан зургууд нь яг манай өнөөдрийн нөхцөл. Боомтоор худалдаа л сайн явагдаж байх ёстой. Мэдээж төр хянах цэгээ хянана, хурд сайн байх ёстой. Зөв зохион байгуулалтад орсноор ер нь асар их боломж олгоно гэдгийг л хэлмээр байна. 

Хуулийг шинэчлээд МҮХАҮТ бүгдийг нэгтгэж байгаа тухай ойлголт биш, бид хоорондын уялдаа холбоог нь хангадаг, төртэй зөв ажилладаг шүхэр байгууллага болох ёстой.

Өнөөдөр төсөв гэхэд л сумын түвшинд, аймгийн түвшинд хэлэлцэгдэж байна. Дүүрэг, нийслэл, тэгээд улсын түвшинд хэлэлцдэг. Яагаад татварыг бүрдүүлэгч, тэр бүх ажлын байрыг бий болгож байгаа компаниудын дуу хоолой төсөвт нэг удаа тусдаггүй юм. Энэ механизм байхгүй болохоор тусахгүй байгаа шүү дээ. Механизм нь бий болчихвол улсын төсөвт үндэсний танхим, нийслэл, аймаг дээр нийслэл, аймгийнх нь танхимууд нь санал зөвлөж шүүмжээ өгдөг, магадгүй барилгын салбарт тухайн салбарын танхимд саналаа өгнө. Ингэхээр төсөв ч гэсэн өөрөө зөв зохиогдох нөхцөл бүрдэж байгаа биз? Төлөөллийг л эрүүл болгох тухай асуудал юм. 

Би 2023 оны өргөн барьсан төсвийг нэг бүрчлэн уншсан. Төсөв төрийн бус байгууллагуудын оролцоог хангасан байх ёстой байдаг. Тэгтэл хамгийн ард “Залуучуудын оролцоо ТББ энэ төсвийн хуулийг дэмжиж байна” гэсэн ганцхан хуудас санал байгаа байхгүй юу. 

Энэ нь өөрөө юуг төлөөлж, хэнээс, хэзээ авсан санал вэ? Тэр яагаад төлөөлчихдөг, ямар байгууллага хаанаас, хэзээ гараад ирэв ээ? 

Энэ мэтчилэн тендерийн асуудал хөндөгддөг, худалдан авах ажиллагаа хөндөгддөг, ямар нэгэн үнэлгээ, хяналт шалгалтууд хөндөгддөг. Цаг яавал бүрэн ажиллах вэ гэвэл жижиг, том гэлтгүй тэр бүх араа механизм зөв ажиллаж байгаа үед л бүрэн ажиллана шүү дээ. Жижиг араагүйгээр том нь хөдөлнө гэж байхгүй. Томгүйгээр жижиг араа хөдөлнө гэж байхгүй. Үүн шиг Монголын эдийн засаг дахь 69,000 компани нэг бол газар нутгаар хуваагдана, эсвэл эдийн засгийн салбараараа л хуваагдана шүү дээ. Хоорондоо төгс уялдаж холбогдох ёстой. Уялдах холбоог нь, зохион байгуулах зохицуулалтыг нь танхимын үүрэг гэж хараад байгаа. 

-Тэгэхээр гишүүнчлэл одоо явж байгаа төслөөр сайн дурын үндсэн дээр гэсэн үг үү. Үүн дээр тодорхой хариулт хэлэхгүй юу?

-Бизнес эрхэлж л байгаа бол заавал танхимдаа бүртгүүлэх ёстой гэж байгаа. Энд татвар гэж яриад байгаа. Татвар биш, хураамж яригдана. Бүртгэлийн хураамж гэж байгаа. Зарим салбаруудыг бодлогоор чөлөөлдөг. Гол нь эхлээд заавал бүртгүүлэх ёстой. 

Жишээлбэл, Монгол Улсын иргэн болж та ямар нэгэн байдлаар бүртгүүлэх ёстой. Тэгж байж иргэн таны байдгийг улс мэдэж авна. Энэ бол нэгдүгээр асуудал. Та ажил хийхгүй байх нь таны асуудал. Ажиллаад татвараа төлөх нь таны асуудал. Сонгууль боллоо. 18 насанд хүрсэн та сонгуулиа очиж өгөх эсэх нь таны асуудал. Өгөхгүй байх нь бас таны хэрэг. Өгүүлэхийг улс зорьдог. Саналын эрх нь танд байгаа. Үүнтэй адил эхлээд бүртгэх нь чухал. Бүртгээд дараа нь хаана харьяалж, аль болох тэр компаниудыг хөлөө олж, өсөж дэвжихэд нь тухайн танхимууд анхаарч ажиллах ёстой. 

Хувь хүн, хуулийн этгээд хоёрыг энэ цаг үеэс эхлээд бүрэн салгаж ойлгомоор байна

Өнөөдөр улсын бүртгэлд би очоод компаниа бүртгүүлж, нэр авлаа, миний хойноос хэн ч хөөцөлдөхгүй. Дампуурсан уу, байгаа юу, байхгүй юу харгалзахгүй. Хааяа татвараа төл, үгүй бол дансыг нь хаана гэж мессеж ирэх байх. Өөрөөр бол яасан бэ, юу болсон бэ гэх зүйл байхгүй. 

Бусад улс орны танхимд бүртгүүлмэгц инкубатор маягаар ажиллаад эхэлнэ. Та аль салбарт ажиллах вэ, ямар төлөвлөгөө байна вэ, түүн дээр нь шаардлагатай зөвлөгөөнүүдийг өгнө, чиглүүлнэ, холболт хийнэ. 

Тийм ч учраас хуулийг шинэчилснээр ядаж уламжлалаараа энэ төр шүтсэн тогтолцоог, уламжлалаараа төрийн оролцоо өндөр, уламжлалаараа компани, ААН-үүд төр л энийг хийх ёстой гэж яриад байдаг энэ хандлагаас салах учиртай. 

Эхлээд бид өөрөө асуудлаа ярьж шийдэх ёстой. Үнэхээр төрөөр шийдүүлчихвэл энэ салбар хөгжих гээд байна гэсэн асуудал байвал тэрийг төртэйгөө ярьдаг механизм нь тухайн танхимууд байх юм. Хэн нэг ТББ-ыг энд ерөөсөө үгүйсгээд байгаа юм биш гэдгийг ойлгоорой. Бүгд эвлэлдэн нэгдэж, ажлаа, зорилгоо нэг болгоё гэж байгаагаас биш, субъектив, хувь хүн гэж зүйл байхгүй. 

Хувь хүн, хуулийн этгээд хоёрыг энэ цаг үеэс эхлээд бүрэн салгаж ойлгомоор байгаа юм. Иргэн Батын асуудал тэр иргэний асуудал. Бат ХХК-ийн захирал болчих юм бол иргэн Бат биш болно. Хөрөнгөөрөө хариуцлагаа хүлээнэ, ажилтан албан хаагчдынхаа өмнө хариуцлага хүлээнэ. Үйл ажиллагаа явуулаад, ашиг орлого олж байгаа бол улсад татвараа төлөх хариуцлагаа хүлээнэ. Тэгээд цааш хөгжих, компани хөгжих нь тэнд ажиллаж байгаа олон хүнд, салбарт, цаашлаад улс оронд хэрэгтэй. 

Бат энэ тохиолдолд хувь хүн биш байхгүй юу. Ямар нэгэн юм болбол оруулсан хөрөнгөөрөө хариуцлагаа хүлээдэг хуулийн этгээд юм. Хуулийн этгээдүүдийн хувьд зөв эвлэлдэж, салбараа л хөгжүүлбэл, нэг ч гэсэн компанийн үйл ажиллагаа тэлж, ажлын байр нэмэгдэж байвал улсад хэрэгтэй байхгүй юу. Улс энэ болгоныг орж зохицуулж чадахгүй шүү дээ. Өнөөдөр чадаад байна гэж хараад байгаа. Хамгийн том, эдийн засгийн салбар болох уул уурхай руу ороод зохицуулж байна, чадаж байна гэж харж байгаа боловч юу ч чадахгүй байгаа. Эрчим хүчний салбарыг зохицуулж байна гэж бодож байгаа, юу ч чадахгүй байгаа. Үүнийг аль болох хувийн хэвшлийн санаачилга, менежментээр хийх ёстой. Ингэх юм бол бидний алдагдсан боломж, магадгүй өнөөдрийн олох орлогоос 4-5 дахин ч илүү олох боломжтой

Узбек сүүлийн тавхан жилийн дотор бүтэн реформ хийж байна, энийг очиж үзэх хэрэгтэй. Тэдний текстилийн салбар гэхэд манай Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт гурвыг нийлүүлснээс том байна. Ерөөсөө тавхан жилийн дотор хийсэн реформын үр дүн. Тэдний хүнсний худалдаа, автомашины худалдаа асар хурдацтай тэлж байна. Гэтэл бид бүгдийг төр, бүгдийг төр гээд улам л боомилоод байгаа байхгүй юу.