УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эхлээд Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн гишүүдээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигчийг хэлэлцэв.
Хуулийн дагуу Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Улсын Дээд шүүхийн шүүгчдийн 62 хувийн санал авсан Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Дамдинсүрэнгийн Солонго, 53 хувийн санал авсан “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын дарга Шарын Цогтоо нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэн Улсын Их Хуралд санал болгоод байгаа юм. Энэ тухай танилцуулгыг Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг хийлээ. Үүний дараа гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.
Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд зуун хувийн саналаар нэр дэвшигч Д.Солонго, Ш.Цогтоо нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгохыг дэмжлээ. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Б.Пүрэвням, Ц.Сарантуяа нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төсөл дэмжигдэж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.
Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв
Байнгын хорооны хуралдаанаар дараа нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн эсэх тухай Үндсэн хуулийн цэцийн 06 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Сумын Засаг дарга баривчлах шийтгэл ногдуулсан тухай шийтгэврээ материалын хамт харьяалах шүүхэд 3 хоногийн дотор хүргүүлнэ” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзжээ. Иймээс Үндсэн хуулийн цэц Захиргааны хариуцлагын тухай хуулийн дээрх заалтыг энэ сарын 18-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр гишүүн Д.Лүндээжанцан оролцжээ.
Цэцийн дүгнэлттэй холбогдуулан саналаа хэлсэн байнгын хорооны гишүүдийн ихэнх нь улс төрийн албан тушаалтны шийтгэврээр хүний эрхэд халдаж баривчлах нь Үндсэн хуулийн суурь зарчимд нийцэхгүй байгаа тул цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй, ер нь хуулийн энэ заалт нь тухайн цаг үеийнхээ нөхцөл байдалд захирагдан гарсан түр зуурын шинжтэй шийдэл байсан, харин өнөөдөр цаг үе өөр болсон тул эрх зүйн шинэтгэлийн хүрээнд шинээр боловсруулж гаргах хуулиудын ерөнхий үзэл баримтлалд нийцүүлэн тухайнт заалтыг өөрчлөх шаардлагатай гэдгийг хэлж байв.
Ингээд байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар Үндсэн хуулийн цэцийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөр болов. Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөр шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйл, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг байнгын хорооны гишүүд дэмжлээ.
Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлууллаа
Үүний дараа Мөрдөх албаны тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай ажлын хэсгийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч Д.Батцогт танилцуулав.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүн З.Баянсэлэнгэ хуулийн төслийн талаар 37 санал гаргаж ажлын хэсэгт өгсөн гээд гаргасан саналыг нь сайн нягталж судлах хугацаа ажлын хэсэгт байгаагүй учраас хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасан бол гишүүн Д.Лүндээжанцан ажлын хэсэг сайн ажилласан, гэхдээ энэ бол их ээдрээтэй хууль. Хуулийн төслийг Гэмт хэргийн тухай болон Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдтэй нягт уялдуулж сайтар бодож тунгаах нь зүйтэй байна гэсэн санал хэллээ.
Мөн гишүүн З.Энхболд хуулийн төсөл дэх гүйцэтгэх ажилтай холбоотой заалтыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой хамтарч хэлэлцэх шаардлагатай гэсэн санал гаргав.
Иймээс гишүүдийн гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд орллцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулж ирэх долоо хоногийн хуралдаанаараа хэлэлцэхээр болов.
УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, О.Баасанхүү, Д.Хаянхярваа, А.Тлейхан нарын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулж өргөн барьсан Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.
Байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг улираан сонгохоор болов
УИХ-ын Байнгын хорооны дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буйтай холбогдуулан байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар тус байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тус байнгын хорооны даргаар Ш.Түвдэндоржийг улираан сонгох санал оруулав.
Энэ асуудалтай холбогдуулан гишүүн З.Баянсэлэнгэ, Д.Лүндээжанцан нар бүлгийн даргаас асуулт асууж, гишүүн Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ, Х.Тэмүүжин, Ж.Батзандан нар үг хэлэв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 16 гишүүн зуун хувийн саналаар байнгын хорооны даргаар Ш.Түвдэндоржийг улираан сонгохыг дэмжлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!