Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Эртний түүх соёлын эхлэл нутаг – Архангай

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 10 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

Архангай аймгийн ЗДТГ, БОАЖГ, Брэнд-21 төслийн хамт олонтой хамтран Архангай аймгийн аялал жуулчлалын брэндийг хөгжүүлж байгаа билээ.

Аливаа газар орон, тодорхой байршил нь өөрийн гэсэн брэндийг үүсгэснээр нутаг орны онцлог, ялгарлыг зорилтот бүлэгт танилцуулан, байршлынхаа үнэ цэнийг нэмдэг. 2021 оноос Архангай аймгийн газар нутгийн онцлог байршлыг судалснаар “Түүх соёл, шашин, танин мэдэхүйн”, “Байгалийн үзэсгэлэнт газар”, “Амралт, рашаан сувилал” гэсэн 3 үндсэн чиглэлээр, жилийн 4 улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой юм.

Архангай аймгийн БОАЖГ-ын дарга Б.Ешийгээс аялал жуулчлалын хөгжлийн талаар цөөн асуулт асуулаа.

зураг
 

- Архангай аймаг нь аялагч, жуулчдыг татах ямар, ямар онцлог давуу талтай вэ?

Газарзүйн байршлын хувьд Монгол орны төв хэсэгт Хангайн бүсэд байрлаж, байгалийн сайхан тогтоц, үзэсгэлэнт газрууд, рашаан ус элбэгтэй,  түүхийн ховор олдворууд ихтэйгээс гадна малынхаа тоо толгойгоор улсдаа тэргүүлдэг, эрдэмтэн судлаачид болон урчууд ихтэй гээд дурдаад байвал манай аймгийн аялал жуулчлалын нөөцийн хувьд их зүйл бий.

- Ямар чиглэлийн аялал жуулчлал хөгжсөн бэ?

Ер нь хүмүүс Хоргын тогоо, Тайхар чулуу зэрэг байгалийн үзэсгэлэнт тогтоцтой газруудыг үзэхээр их ирдэг. Мөн Архангай аймагт халуун, хүйтэн рашаантай тул эрүүл мэндийн аялал жуулчлал ихээхэн хөгжсөн байдаг.

Гэхдээ нийтийг хамарсан массын аялал жуулчлалаас учирч байгаа зарим нэг сөрөг нөлөөллөөс хамааралтайгаар аялагчид тусгай, сонирхлын аялал жуулчлал руу илүүтэйгээр анхаарлаа хандуулж, аялах чиг хандлагатай болж байгаа. Хамгийн гол нь уур амьсгалын өөрчлөлттэй хамааралтайгаар аль болох байгальд ээлтэй, хариуцлагатайгаар аялах хандлага ихэссэн байна. Манай аймгийн хувьд түүх археологи судлал, төрөл бүрийн усан аялал, фотосафари буюу амьтан, ургамлын зураг авах, дугуй болон мотоцикл, морь, сарлаг гээд адал явдалт аяллын суурь бааз, нөөц нь байгаа. Энэ чиглэлээр аялал зохион байгуулдаг тур оператор компаниудын хангайн чиглэлийн маршрутад манай аймаг багтдаг.

- Жилд хэдэн хүн аялдаг вэ?

Цар тахлаас шалтгаалан сүүлийн 2 жилд олон улсын аялал жуулчлал уналтад орсон хэдий ч эсрэгээрээ дотоодын аялагчдын урсгал нэмэгдсэн. Сүүлийн 3 жилд манай аймгийг зорин ирэх дотоодын аялагчдын тоо дунджаар 5 – 6 хувийн тогтмол өсөлттэй байгаа. 2022 оны хувьд 7 сарын байдлаар зөвхөн дотоодын 70,000 орчим аялагчид ирсэн мэдээтэй байна. 12 сард дотоод, гадаадын жуулчдын тоо гарна.

- Цаашид Архангай аймгийн аялал жуулчлал ямар чиглэлээр хөгжих вэ? Ямар зорилго тавьсан байгаа вэ?

Сүүлийн жилүүдэд ажиглаад байхад гадаад гэлтгүй дотоодын аялагчид гэр бүлээрээ танин мэдэх, ахуйтайгаа танилцах, хүүхдүүддээ уламжлалт зан үйлийг таниулахаар аялдаг болж. Мэдээж цар тахалтай холбоотойгоор нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх зорилгоор рашаан, амралт сувиллыг түшиглэн ирж байгаа амрагчдын тоо ч мөн өсөх хандлага ажиглагдаж байна. Үүнтэй холбоотойгоор экологийн даацын асуудал мөн давхар яригдах асуудлын нэг болоод байна. Бид хүчин чадалдаа тааруулж, дараагийн 5, 10 жилийн төлөвлөлтөө ярих нь зөв байх, ингэж чадаж гэмээнэ хариуцлагатай тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж чадна.

Тиймээс энэ жил аймгийн аялал жуулчлалын хөгжлийн зорилтот хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах ажлыг хуулийнх нь дагуу сонгон шалгаруулаад, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Энэхүү төлөвлөлтөөр Архангай аймаг аялал жуулчлалаа хариуцлагатай, тогтвортойгоор хөгжүүлэх гол шугам нь гараад ирнэ.

Мөн аймгийн аялал жуулчлалын брэндинг буюу ялгамж төрхийг бид тодорхойлсноор өнөөгийн байдлыг хэрхэн эергээр эргүүлж, аялал жуулчлалын хувьд дайран өнгөрөх цэг биш гол зорин очих газар хэвээр үлдэх вэ, бүс нутаг, улсын хэмжээнд, олон улсад хэрхэн танигдах вэ, яаж өрсөлдөх вэ гээд маркетингийн хувьд томоохон зорилт тавьж, аймгийнхаа аялал жуулчлалын брэндингийг тодорхойлох ажлыг гүйцэтгэж байна. Цаашид урт хугацаандаа бүгдийг нэгдмэл байдлаар цэгцтэй, стандарттай хөгжүүлэхийн эхлэл нь энэхүү брэнджүүлэх ажил юм. Брэнд бол хөрөнгө оруулалт юм. Хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж чадахуйц нэгдсэн үзэл санааны нүүр царай болох учраас бид энэ тал дээр анхааран ажиллаж байгаа.

- Брэндтэй болохын ач холбогдлыг дэлгэрэнгүй тайлбарлавал?

  • Аялал жуулчлалын салбар, түүнийг дагасан зочлох үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл хөгжинө.
  • Аялал жуулчлалын салбараас олдог байсан орлого өсөж, зочлох цэгүүдийн тоо нэмэгдэнэ.
  • Газар нутгийн байршил, давуу талаа танилцуулснаар хөрөнгө оруулалт татаж, бизнесүүд өргөжин тэлнэ.

Аймгийн брэнд нь тухайн нутаг орны засаг захиргаанаас гаргасан бичиг баримт, зорилт, хэтийн төлөвлөгөөтэй уялдуулан хийнэ.

Танилцуулга видеог ЭНД дарж үзнэ үү.

Архангай аймгийн аялал жуулчлалын брэндингийн зарим ажлаас...
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.