АмЧам Монголын Худалдаа, хөрөнгө оруулалтын хорооноос “Монгол улсын худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого” баримт бичгийг саяхан гаргасан бөгөөд энэхүү бодлогын баримт бичигт Монгол улсын Засгийн газраас гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО)-ыг татах, хамгаалах чиглэлээр явуулж буй бодлогын арга хэмжээнүүд, тухайлбал “Алсын Хараа 2050” болон Шинэ сэргэлтийн бодлогыг тоймлон, цаашдаа гуравдагч хөршийн хөгжингүй орнуудаас ГШХО татах талаар онцгой анхаарал тавих шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн болно.
Түүнчлэн энэхүү баримт бичигт худалдаа, хөрөнгө оруулалтад нөлөөлж буй хүчин зүйлүүд болон Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийг дэмжихийн тулд худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг хэрхэн сайжруулах шаардлагатай байгаа талаар АмЧам Монголын бодлогын шинэчлэлийн 3 тулгуур бүхий зөвлөмжүүдийг тусгасан болно. Үүнд:
I. Хувийн хэвшлийн бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид манлайлсан чөлөөт зах зээлийн эдийн засгийг тууштай дэмжин хөгжүүлэх
а. Төрийн зах зээл дэх оролцоог хумих: үүнд, төрийн өмчит аж ахуйн нэгж ба төлөвлөгөөт эдийн засгийн бодлого, улсын төлөвлөгөөт хөрөнгө оруулалтыг багасгах.
б. Хувийн хэвшлийн бизнест төрийн оролцоог арилгах (төр зөвхөн бодлого тодорхойлогч үүргийг гүйцэтгэх).
в. Чөлөөт зах зээл, хувийн хэвшилд тулгуурласан бодлого, хууль тогтоомжийг дэмжих.
г. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх: Үүний тулд институцийн хөрөнгө оруулагчид буюу хөрөнгө оруулалтын болон тэтгэврийн сангуудыг үүсгэж, хөгжүүлэх.
д. Жижиг, дунд үйлдвэрүүдийн эко систем, хөгжлийг дэмжих, тухайлбал бичил санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болгох, татварын хөнгөлөлт болон урамшууллын бодлогыг хэрэгжүүлэх.
II. Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг шинэчлэх
а. Хууль тогтоомжийн гол чиглэлүүдийг шинэчлэх
i. Нээлттэй зах зээлийг дэмжих хөрөнгө оруулалтын бодлого, эдийн засгийн хөшүүрэг ба дэмжлэг бүхий Хөрөнгө оруулалтын тухай хуулийг боловсруулан батлах.
ii. Хөдөлмөрийн тухай хуульд зах зээлийн чиг баримжаатай, гэрээ хийх эрх чөлөө, өрсөлдөх чадвар, өсөлтийг хувийн ашиг сонирхлоос илүүгээр дэмжсэн байдлаар нэмэлт өөрчлөлтүүд оруулж, бизнес дэх төрийн оролцоог хязгаарлаж, хөрөнгө оруулалт, ажлын байр бий болгохыг дэмжих.
iii. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хуулийг эдийн засгийн үр ашигтай, хөрөнгө оруулалтад чиглэсэн, хувийн хэвшлийн хайгуул, олборлолтод түшиглэсэн болгох.
iv. Татварын хууль тогтоомжид хөрөнгө оруулалтыг үргээсэн заалтуудыг өөрчлөх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх (жишээ нь WHT буюу хувьцаа шилжүүлсний татварын хэмжээг хязгаарлах)
б. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хүлээлгүйгээр байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Хөрөнгө оруулалтын зөвлөлийг төр, хувийн хэвшил, тухайлбал, худалдааны танхимуудын оролцоотойгоор шинэчлэн зохион байгуулах.
в. Шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг шинэчилж, маргааныг шударгаар, үр дүнтэй шийдвэрлэдэг болгох.
г. Татварын маргааныг түргэн шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх зорилгоор Татварын маргаан таслах зөвлөлийг шинэчлэх.
д. Төрийн албыг илүү мэргэшсэн, чадварлаг болгох, иргэн төвтэй төрийн үйлчилгээний соёлд суурилсан төрийн албаны тогтвортой тогтолцоог хөгжүүлэх.
III. АНУ болон гуравдагч хөрш орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн худалдааны интеграцыг нэн тэргүүнд тавих
а. Дэд бүтцийг хөгжүүлэх олон улсын санаачилга (Global Infrastructure Initiative.)
б.Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн бодлого (Indo-Pacific Economic Framework).
в. Хоёр талын харилцаа: АНУ-тай байгуулсан Ил тод байдлын гэрээ (Transparency Agreement)-ний хэрэгжилтийг бүрэн хангах замаар Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлын суурийг тавих.
АмЧам Монголын тухай
АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!