УИХ-ын Нийгмийн бодлогын Байнгын хорооноос өнөөдөр "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийг зохион байгуулж, тал бүрийн төлөөллийг оролцууллаа.
Хэлэлцүүлгийн илтгэлүүдийг танилцуулж дууссаны дараа оролцогчид өөрсдийн байр суурийг илэрхийлэв.
Хүний нөөцийн зөвлөх үйлчилгээний "Ганабелл" институтийн захирал П.Гандолгор "Компанийн захирал, хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй уулзахад хүн тогтохгүй байна гэдэг. Бизнесийн байгууллагууд тодорхой хэмжээний зардал гаргаад шинэ ажилтнаа сургаж байтал нөгөө хүн нь удалгүй Солонгос, Австрали явахаар болсон гээд ажлаасаа гардаг нөхцөл байдал үүссэн.
Нөгөө талдаа улс орнуудын хувьд хамгийн эрч хүчтэй, чадварлаг ажиллах хүчнийг өөртөө татах уралдаан болж байна.
Том зургаар нь харвал, бидний хөдөлмөрт бэлтгээд байсан хүмүүс өөр орны хөгжил цэцэглэлтийг бий болгохоор яваад, Монгол Улс хүнгүй болчих вий дээ. Айл бүхэнд нэг хүн Австрали, Япон, Солонгос явах бодолтой байгаа. Иймд чадварлаг хүний нөөцөө алдахгүйн тулд ямар бодлого барих вэ гэдгээ бодох цаг болсон" гэсэн юм.
Монгол Улсын Их Сургууль(МУИС)-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн захирал Ч.Тамир "Халамжаас хөдөлмөрт гэх нэр нь популист санагдаж байна. Одоогоор халамж ихдээд байгаа учраас хөдөлмөр эрхлэх хүн багаслаа гэж нотлогдсон зүйл байхгүй. Монгол Улс халамжаасаа болоод хөдөлмөрлөдөггүй гэх дүгнэлт рүү ч хүрч мэдэхээр байна.
Мөн байгалийн ухаанаар маш цөөн оюутан сурч байгаа гэж байна. Их, дээд сургуулиуд төрөөс ямар нэг дэмжлэг авахгүйгээр сургалтын төлбөрөөрөө үйл ажиллагаагаа явуулдаг. Өнөөгийн нөхцөл байдалд нийгэм, бизнесийн салбарын орлогоороо байгалийн ухааны салбараа авч явж байна. Хэрэв байгалийн ухааны салбар, тэр дундаа хими, физик, инженерийн салбараа дэмжье гэвэл мэргэжилтэн бэлтгэхэд шаардагдах дэмжлэг үзүүлэх ёстой" гэв.
Барилгачдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга н.Батцогт "Үйлдвэрлэлийн салбарт ажлын байр их бий ч үүнд тохирох боловсон хүчин бэлтгэгдэхгүй байна. Гагнуурчин, машинист, тоног төхөөрөмжийн операторчин, цахилгаанчин, нарийн мэргэжлийн засварчид алга. Энэ бол МСҮТ-ийн асуудалтай холбоотой. МСҮТ-ийн багш нарыг гадаадад сургаж, мэргэшүүлэхэд анхаарах ёстой. Жишээлбэл, үйлдвэр дээрх сургалтаа сэргээхийг хүсэж байна" хэмээх саналыг тус тус хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
|