Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Эрдэнэбат: Тогтмол валютын ханш, үндэсний мөнгөн тэмдэгттэй байх, валютын чөлөөтэй урсгал 3-аас зөвхөн 2-ыг нь сонгож болно

ikon.mn
2022 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Эдийн засагч Б.Эрдэнэбаттай ярилцлаа.

- Ам.долларын голлох валютуудын эсрэг индекс (DXY) 20% гаруй чангарсан байна. АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөж байгаа нь бусад улсууд (нөөцийн бусад валютууд, хөгжиж буй орнууд гм)-ын валютын ханшид хэрхэн нөлөөлж байна вэ? 

Маш ихээр нөлөөлж байна. DXY индекс одоо 111-тай байна. 2021 оны эхнээс хойш 20 нэгж, 2022 оны эхнээс 10 гаруй нэгжээр өсөөд байна. Энэ нь өөрийн тань хэлж буй Америкийн төв банк бодлогын хүүгээ өсгөж буйтай холбоотой.

Дараах зургаас олон улсын санхүүгийн зах зээлд оролцож чадах хэн бүхэн хамгийн эрсдэлгүй гэдэг АНУ-ын Засгийн газрын ам. долларын бондыг жилийн 4.08%-ийн өгөөжтэйгөөр худалдан авч болж буйг харуулж байна. Тэгэхээр ийм хэмжээний өгөөжгүй бүх газруудаас санхүүгийн бүхий л эх үүсвэр АНУ руу татагдаж байна. Манайхаас ч гэсэн хүмүүс ХХБ Капитал, Голомт Капитал гэх мэт байгууллагууд, Койны данснуудаар дамжин нэлээд худалдан авалт хийгдэж байх шиг байна.

Энэ нь ам. долларын ханшийг хаа сайгүй өсгөх нь тодорхой. Ялангуяа баян хоосны ялгаа ихтэй, санхүүгийн нөөц бололцоо, эрх мэдэл нь цөөхөн хүний гарт төвлөрсөн, эдийн засаг, улс төрийн хэтийн төлөв нь тодорхой бус, мэдлэгт суурилсан эдийн засаггүй, бүтээмжгүй, мөнгөний нийлүүлэлт асар их хийж үндэсний валютаа өөрсдөө үнэгүйдүүлсэн гэх мэт улсуудын валютууд хамгийн их унаж байх шиг байна.

зураг
 

- Төгрөгийн ханш эхний 8 сард ам.долларын эсрэг 12% суларсан. Харин иений ханш мөн хугацаанд  20% суларсан бол вон 13%, юань 8% суларчээ. Экспортлогч орнууд ханшаа ингэж сулруулсан нь ямар зорилго, шалтгаантай вэ?  

Зорилго, шалтгааны тухай ярихаар тодорхой стратеги байгаа мэт ойлголт төрж магадгүй. Бид тэдгээр улсад тийм зүйл байгаа эсэхийг мэдэхгүй юм. Миний харж буйгаар энэхүү ханшийн өөрчлөлтүүд Дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-ын эдийн засагт болж буй огцом өөрчлөлтийн бусад улсуудад үзүүлж буй нөлөөтэй хамгийн ихээр холбоотой.

Яагаад АНУ бодлогын хүүгээ ийнхүү өндөрсгөж байгаа нь инфляцтай нь холбоотой. Аливаа төв банкны үндсэн үүрэг бол инфляцыг нам дор, тогтвортой байлгахад оршдог. Америк инфляцаа үндсэндээ жилийн 2-3%-ийн хооронд хэлбэлзүүлэхийг зорьдог.

Гэтэл эхлээд Ковид цар тахлаас үүдэлтэй эдийн засаг дахь төрийн оролцоо нь Дэлхий нийтээр хэдий харилцан адилгүй ч ерөнхийдөө бүгдэд нь нэмэгдсэнээс зах зээлийн механизм доголдлоо. Засгийн газруудын хариу үйлдэл, эс үйлдлүүд нь харилцан адилгүй байсан ч нийлүүлэлт, эрэлтийн гаралтай инфляцын шок ойрын түүхэнд ховор хэмжээгээр гарсан. Америкт инфляц нь 8.6%-т хүрсэн нь сүүлийн 40 жилд байгаагүй том асуудал болоод байгаа.

Дээр нь Орос-Украйны дайнаар илэрч буй геополитикийн хурцадмал байдал нь глобалчлал гэсэн сүүлийн 30 гаруй жил Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр, үнэ нам дор байх боломжийг олгож байсан технологид аюул заналхийлэл учруулаад байна.

Эдгээрт улсууд хэр тулгуурлаж байсан бэ гэдгээс хамаарч нөлөө нь өөр өөр байна. Жишээ нь инфляц Японд -0.7%, Хятадад 2.3%, Өмнөд Солонгост 5.4%-тай байна. Тэгэхээр эдгээр улсад инфляцтай тэмцэх зорилгоор эдийн засгийн суурь хүү болох бодлогын хүүгээ өсгөх шаардлагагүй гэсэн үг.

Мөн инфляц өндөртэй байгаа бусад улсууд стратегитайгаар хариу үйлдэл үзүүлж, “ханшаа сулруулж” байгаа бол интервенц хийж валютын нөөцөө шавхахгүй байхаар шийдсэн гэсэн үг. Америкийн бүтээмжийн өсөлттэй өрсөлдөх чадваргүйгээ хүлээн зөвшөөрөөд эдийн засгаа тэрхүү тэнцвэрт дасан зохицох, тэр хооронд нь өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, хамгаалж үлдэх бодлого хэрэгжүүлнэ гэсэн үг байх.

- Ер нь онолын хувьд манайх шиг эдийн засаг (жижиг, нээлттэй, уул уурхайд тулгуурласан, импортын орц өндөртэй гм)-т ханш хэрхэн тогтох нь зүйтэй вэ?

Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн савлагаа бусад байж болох бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний салбарынхаас өндөр байдаг. Энэхүү савлагаа нь байгалийн баялгийн хараал гэх үзэгдлийн нэг гол суваг юм.

Үнээс гадна экспортын монополи худалдан авагчтай, тэр нь хагас захиргаадалтын эдийн засагтай улс байгаа нь тоо хэмжээний хувьд ч тодорхой бус байдал давхар үүсгэж нийт орлогыг маань, нийт эдийн засгийг маань хэт савлагаатай болгож байна. Иймд бид аль болох энэ салбарт бүх найдлагаа тавьдгаасаа яаралтай татгалзах, мөн орлогыг нь тогтворжуулах зорилгоор мэдлэгийн орц, чанарыг нь нэмэгдүүлэх ёстой. Тэгж байж л бид олон улсын зах зээл дээр үнэ, чанараар өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, аж үйлдвэржих боломжтой. Өөрөөр хэлбэл ханшийн бодлого тань эдийн засгийн ямар бүтэцтэй байхаас тань хамаарна.

Эдийн засагт боломжгүй гурвалжин гэдэг зүйл байдаг. Эдгээр нь 1) тогтмол валютын ханш;  2) бие даасан мөнгөний бодлого, үндэсний мөнгөн тэмдэгттэй байх; 3) валютын чөлөөтэй урсгал юм. Эдгээрээс зөвхөн 2-ыг нь сонгож болно. Ихэнх улсууд 1- ээс татгалздаг. Манай урд хөршийн хувьд 1 & 2-ыг нь сонгоод 3-аас татгалздаг.

Хэрэв үнэхээр уул уурхайд тулгуурласан эдийн засагтай байна гэж шийдэх юм бол Арабын булангийн улсууд шиг үндэсний мөнгөн тэмдэгтээсээ үндсэндээ татгалзах, төгрөгөө ам. доллартой, эсвэл экспортын голлох түншүүдийн валютын сагстай уях (peg) нь одоогийн тогтолцооноос дээр эсэхийг судлах ёстой.

Гэвч ингэж уясан тохиолдолд уяагаа хамгаалах асар их валютын нөөц хэрэгтэй, мөн үндэсний мөнгөний бодлогоосоо татгалзаж, бодлогын хүү тогтоох эрхээ алдана гэдгээ мөн анхаарах ёстой. Жишээ нь Хонконг ам. доллартой, Сингапур голлох түншүүдийн валютын сагстай өөрсдийн валютаа уясан байдаг.

зураг
 

Аль алинд нь бодлогын хүүгээ тогтоодог Монголбанк, Англи, Америкийн төв банк шиг уламжлалт төв банк байхгүй, уяагаа хамгаалдаг байгууллагууд л бий. Хонконг жилийн өмнө 500 тэрбум ам. долларын валютын нөөцтэй байсан бол ханшаа хамгаалж интервенц хийсээр өдгөө нөөц нь 430 тэрбум болоод байна. Сингапурын валютын нөөц оны эхэнд л 570 тэрбум ам. доллар байсан, гэтэл одоо 400 тэрбум болж буураад байна.

Бид өөрсдийгөө ихэд бодож дээрх 3-ыг 3-ууланг нь авах гэж оролдсоор байна. Энэ нь гадаад, дотоодод маш их тодорхой бус байдал, арбитраж, худлаа найдвар, үр ашиггүй байдлыг үүсгэдэг. Түүнээсээ болж ч бид хохирч байна. Жишээ нь дээрх зургаас бид уян хатан валютын ханштай улс юм уу, тогтмол ханштай улс юм уу гэдгийг хэлэхэд үнэхээр хэцүү.

Эдгээр болон бусад асуудлуудтай холбоотой судалгааны ажлуудтай маань sites.google.com/site/erdenebatba -аас танилцаж болно.   

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.