ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Сайжруулсан шахмал түлшний найрлагад ордог зарим бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах боломжтой"

Т.Саран, iKon.mn
2022 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XV хуралдаан боллоо.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл “Цаашид сайжруулсан шахмал түлштэй холбоотой ажлыг төр хийх биш, хувийн хэвшлээр хийлгэж болох уу. Ер нь түлшний үйлдвэрлэлд хувийн хэвшлийг оруулах талаар судалгаа хийж байгаа юу. Хувийн хэвшлийг дэмжсэнээр эдийн засгийн сэргэлтэд  ч сайнаар нөлөөлнө гэж бодож байна. Одоо нийслэл Улаанбаатар хот шахмал түлш тойрсон аж ахуйн ажлаасаа салах цаг болсон” гэсэн санал хэлсэн юм.

Үүний хариуд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Уг ажилд хувийн хэвшил орох боломж нээлттэй байгаа. Гэхдээ санхүүгийн тал дээр эрсдэл гарах магадлалтай. Төрөөс байгуулсан ийм том хэмжээний үйлдвэртэй хувийн хэвшлүүд өрсөлдөж чадах эсэх нь эргэлзээтэй. Мөн одоо борлуулж буй нэг тонн түлшний үнийг хувийн хэвшил 2-3 дахин нэмж иргэдэд борлуулбал яах вэ.

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг байгуулснаар иргэдэд хөнгөлөлттэй, хямд үнээр түлш нийлүүлж байгаа. Харин “Таван толгой түлш” ХХК барьцалдуулагч үйлдвэрлэдэг хувийн компаниудтай хамтран ажилладаг.

Тиймээс түлшний найрлагад ордог зарим бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэж харж байгаа. Импортоор оруулж ирдэг бүтээгдэхүүнээ багасгаж, аль болох дотоодын компаниудтайгаа хамтран ажиллах ёстой” гэсэн хариулт өглөө.