Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос улс эдийн засгийн хямралыг давах зорилгоор Самсунгийн дэд ерөнхийлөгчийг өршөөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл өнөөдөр тус улсын хамгийн том бизнесийн байгууллага Самсунгийн дэд ерөнхийлөгч И Жэ Ёнд өршөөл үзүүлэх шийдвэр гаргажээ.

Улс орныхоо эдийн засгийг хямралаас гаргахад түүний оролцоо чухал тул ийнхүү өршөөж байгааг тус улсын хууль зүйн яамнаас гаргасан мэдэгдэлд тайлбарласан байна.

“Бизнесийн гол хүмүүсийг өршөөлд хамруулсан нь эдийн засгийн хямралыг даван гарахад улс оронд технологийн хөрөнгө оруулалт, ажлын байр чухал хэрэгцээтэй байгаатай холбоотой юм” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.

И Жэ Ён нь группийнхээ дотор нөлөөгөө нэмэгдүүлэхэд засгийн газрын дэмжлэгийг авахын тулд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэд авлига өгсөн хэргээр 2017 онд 2.5 жилийн хорих ял сонсож байсан юм.

Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хэ 2016 оны арван хоёрдугаар сард албан тушаалаасаа огцорч, 24 жилийн хорих ял сонсож байжээ. Тэрбээр өнгөрсөн онд өршөөлөөр суллагдсан юм.

И Жэ Ён бол өвөөгийнхөө үүсгэн байгуулсан Самсунг группийн албан бус удирдагч, гол өв залгамжлагч.

Өнөөдөр түүнтэй хамт нийт 1,692 хүн өршөөлд хамрагдсаны дотор Lotte Group-ийн ерөнхийлөгч Шин Дон Бин бас байжээ.

Тэр бас тусдаа авлигын хэргээр шоронд хоригдож байсан юм.

Өршөөл ирэх Даваа гарагаас эхлэн үйлчлэх юм байна.

И Жэ Ёны хувьд 2.5 жилийн хорих ялынхаа 18 сарыг биеэр эдлээд суллагдаж байв.

Тиймээс өнөөдөр түүнд үзүүлсэн өршөөл нь бэлэгдлийн чанартай юм.

Гэхдээ тэр одоо албан тушаал хаших, гадаадад зорчихдоо засгийн газраас зөвшөөрөл авах хэрэггүй болж байна.

Өөрөөр хэлбэл 2020 оны аравдугаар сард аав нь нас барснаас хойш эзэнгүй байгаа Самсунг Электрониксийн ерөнхийлөгчийн албан тушаалд суух боломж нээгдэж байгаа юм.

“Улс орныхоо эдийн засагт хувь нэмэр оруулахын төлөө би бүх чадлаараа ажиллах болно” гэж И Жэ Ён хэлснийг Өмнөд Солонгосын хэвлэлүүд өнөөдөр мэдээлжээ.

 

Эх сурвалж: Business Insider