БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Игийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Монгол-Хятадын харилцан ашигтай байх худалдааны орчныг бүрдүүлэхээр тохирсон.
Энэ хүрээнд хоёр орны худалдаанд тулгамдсан хүндрэл бэрхшээл, маргаантай асуудлуудыг харилцан зөвшилцөх замаар үе шаттай шийдвэрлэхэд Хамтран ажиллах Санамж бичгийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо (CCPIT)-той байгуулж, 2022 оны наймдугаар сарын 8-нд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, CCPIT-ийн Хууль зүйн газрын дарга бөгөөд Олон Улсын Худалдааны Маргаанаас Урьдчилан Сэргийлэх, Зохицуулах байгууллага (ICDPASO)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Лю Чао нар гарын үсэг зурлаа.
Үүнээс гадна, БНХАУ-ын иргэн, аж ахуйн нэгжүүдтэй худалдаа хийдэг Монголын аж ахуй нэгж, иргэд хохирсон тохиолдолд тэдний эрх ашгийг хамгаалж, хохиролгүй болгох чиглэлээр Хятадын Олон улсын Худалдааны маргаанаас урьдчилан сэргийлэх, зохицуулах байгууллага (ICDPASO)-тай хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрч эхэллээ. Энэхүү асуудлыг МҮХАҮТ-ын хамтын ажиллагаа бүхий "Хууль зүйн хөгжил шинэтгэлийн хүрээлэн" ТББ хариуцан ажиллаж буй бөгөөд иргэн, ААН-үүд хүсэлтээ албан ёсоор тавьж, шийдвэрлүүлэх боломж бүрдэж байна.
Иймд Хятадын иргэн, ААН-тэй худалдаа хийхдээ хохирсон иргэн, ААН МҮХАҮТ болон дээрх хүрээлэнд хандаж болох нь.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|