Уншиж байна ...

Я.Содбаатар: Монгол Улсын тэнцвэртэй гадаад бодлого эрчимтэй явж байна

Б.Номин-Эрдэнэ, Өдрийн сонин
2022 оны 8 сарын 11
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-НҮБ-ЫН АЙЛЧЛАЛ МОНГОЛ УЛСЫГДЭЛХИЙН АНХААРЛЫН ТӨВД ОРУУЛЛАА-

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатартай ярилцлаа.

-Манай улс ойрын хугацаанд хоёр ч томоохон айлчлал хүлээн авлаа. Бүс нутгийн хэмжээнд сөргөлдөөнтэй нөхцөл байдалтай үед томоохон айлчлалууд манай улсыг зорьж байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа болов уу?

-Монгол Улс нээлттэй, энхтайванч бие даасан, олон тулгуурт гадаад бодлого баримталдаг.

Тэр утгаараа он гарснаас хойш бүс нутгийн аюулгүй байдал, дэлхий нийтэд өрнөж байгаа их гүрнүүдийн хоорондын сөргөлдөөнт байдалтай энэ үед гадаад айлчлалууд эрчимжиж байна. Япон, ОХУ, БНХАУ, Польшийн Гадаад хэргийн сайдууд, Энэтхэгийн Хууль зүйн сайд зэрэг олон чиглэлийн гадаад айлчлал манайд өрнөлөө.

Энэ айлчлалуудын үеэр улс орнуудын хоёр талт хамтын ажиллагааны асуудлуудаар нарийвчилж ярихын зэрэгцээ бүс нутгийн аюулгүй байдалтай холбоотой дэлхий нийтэд үүсэж байгаа нөхцөл байдлын талаар санал солилцож байна.

Нэг ёсондоо, Монгол Улсын гадаад бодлого эрчимтэй явж байна гэсэн үг. Бусад улс орон, олон улсын байгууллагууд Монгол Улстай олон талаар хамтарч ажиллах чиглэлээр ярьж байна. Мэдээж уламжлалт хамтын ажиллагааны асуудлууд түлхүү яригдаж тодорхой шийдлүүд ч эхнээсээ гарч байна. Энэ цаг үед бид идэвхтэй гадаад бодлого явуулах нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ. Тиймээс Монгол Улс гадаад бодлогынхоо уламжлалт, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд эдгээр айлчлал явагдаж байгаа гэж ойлгож болно. Үүний томоохон айлчлал нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн айлчлал болж байна.

-Бид НҮБ-ын Еренхий нарийн бичгийн даргын айлчлалаас юу хүлээх вэ?

-НҮБ-аас хийж хэрэгжүүлж буй олон бодлогыг Монгол Улс үндэсний бодлого болгож, цаашлаад үндэсний хэмжээнд санал санаачилга, хөдөлгөөн болгож өрнүүлж байна. НҮБ бүс нутгийн аюулгүй байдал, дэлхий нийтийн аюулгүй байдал, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, аливаа мөргөлдөөнөөс зайлсхийх бодлого баримталж ажилладаг. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн хүн амын хүнсний хангамж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд НҮБ-аас идэвхтэй бодлогууд хэрэгжүүлж байна.

НҮБ-аас дэвшүүлэн тавьж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, ой усны нөөцөө хамгаалах, цөлжилттэй тэмцэх чиглэлээр томоохон санал санаачилга дэвшүүлсэн. Энэ хүрээнд Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг өрнүүлээд явж байна. Энэ мэтчилэн НҮБ-аас явуулж буй бодлого шийдвэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үндэсний хэмжээнд өрнүүлж байгаа санаачилгуудтай яв цав нийцэж байгаа.

Энэ удаагийн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлал бол Монгол Улс НҮБ-тай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж буй түүхэн айлчлал болж байна.

Бид НҮБ-ын гишүүнээр элссэнээс хойш 60 жилийн хугацаанд НҮБ-аас явуулж байгаа бодлого үйл ажиллагаа НҮБ-ын систем болон төрөлжсөн байгууллагуудын үйл ажиллагаанд Монгол Улс маш идэвхтэй хамтарч ажиллаж ирсэн. Энэ хүрээнд Монгол Улсад асар их тусалцаа дэмжлэг үзүүлж ирсэнд ч бид баяртай байдаг. Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд хэд хэдэн томоохон санаачилгыг дэвшүүлэн тогтоолын хэмжээнд батлуулсан. Үүн дотроо цөмийн зэвсэггүй бүс нутаг байгуулах, цөмийн зэвсгээс ангид байх асуудлыг гаргаж тавьж энэ чиглэлээр хамгийн их дуу хоолойгоо хүргэдэг улс орны нэг боллоо.

Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдалд Монгол Улс Азийн хамгийн идэвхтэй улс орны нэг болж ажилласаар байна. Энэ удаагийн айлчлал Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудал дээр Монгол Улсыг идэвхтэй байр суурин дээр ажиллаж байгааг НҮБ үнэлж байгаагийн тод илрэл. Бид 2013 оноос хойш Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар "Улаанбаатарын яриа хэлцэл" гэх томоохон хурлыг долоо дахь удаагаа зохион байгуулсан.

Энэ хуралд Зүүн хойд Азид хамаардаг бүх орны төлөөлөл ирж оролцдог. Түүнчлэн энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улс тэргүүлэх орнуудын нэг болсон. Энхийг сахиулах үйл ажиллагаанд бид дэлхийд үнэлэгдэж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Ерөнхийлөгчтэй уулзахдаа ч үүнийг цохон тэмдэглэж байна лээ.

Бид ирэх жил биологийн төрөл зүйлийг хамгаалах чиглэлээр хурал зөвлөгөөн, 2026 онд дэлхийн уур амьсгал цөлжилттэй тэмцэх хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар боллоо. Энэ хурлууд өмнө нь Монголд зохиогдож байгаагүй. Монгол Улс бүс нутгийн төдийгүй дэлхийн түвшинд байгаль орчноо хамгаалах уур амьсгалын чиглэлээр дуу хоолойгоо гаргадаг орон болж чадаж байна. Үүнийгээ дагаад Монголынхоо нөхцөлийг дэлхийд гаргаж ирж байгаа юм. Монголын нийт нутгийн 76 хувь нь цөлжилтөд өртчихөөд байгаа нь нэн яаралтай анхааралдаа авах шаардлагатай гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, НҮБ-ын нарийн бичгийн даргын айлчлал Монгол Улсыг дэлхийн анхаарлын төвд оруулж ирж байгаа юм.

-Айлчлалын хүрээнд манай улсаас НҮБ-д ямар санал дэвшүүлэв?

-Бид Монголд хүмүүнлэгийн агуулах төвийг байгуулах талаар санаачилгаа уламжилсан. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга судалж үзэхээ илэрхийллээ.

Манай улсад далайд гарцгүй орнуудын олон улсын судалгааны төв байгуулагдсан. Энэ төв бол НҮБ-ын төрөлжсөн байгууллага. Энэ байгууллагынхаа хүрээнд үйл ажиллагаа идэвхтэй явуулах, далайд гарцгүй орнуудад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санал санаачилга гаргаж ажиллахаар боллоо. Түүнчлэн энхийг сахиулах үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх санал дэвшүүлээд байна.

-Хятадын Гадаад хэргийн сайд Ван-И-гийн айлчлал бидний хүлээж байсан хариултыг өгөх шиг боллоо. Эрдэнэбүрэнгийн УЦС биеллээ олоход саадгүй болчихлоо гэж харж байна...

-Хятадын Гадаад хэргийн сайд Ван-И-гийн айлчлалын хүрээнд сүүлийн жилүүдэд гацаад байсан хил боомтын асуудлыг цэгцлэх асуудал дээр бодитой шийдэл гарсан.

Монгол Улс БНХАУ-ын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хэд хэдэн томоохон асуудлаа ярьж чадлаа. Тухайлбал, урт хугацааны нүүрс нийлүүлэх гэрээ байгуулах саналыг манайх дэвшүүлсэн. Хятадын тал дэмжсэн.

Эрдэнэбүрэнгийн УЦС-аас эхлүүлээд томоохон төслүүдийн ажлыг эрчимжүүлэх ажлыг ч бид ярилцаж шийдэлд хүрлээ. Хятад Монголын харилцаанд КОВИД-19-тэй холбоотойгоор үүсээд байсан асуудлуудаа ярьж, зарим гэрээ хэлцлүүдэд гарын үсэг зурлаа.

Бид аль болох төмөр замуудаа тавья. Хүний оролцоо багатай, сүүлийн үеийн шинэ технологи ашигласан хилийн нэвтрэлтүүдийг сайжруулъя. Хилээр гарч байгаа бараа бүтээгдэхүүний нэвтрэлтийг сайжруулах чиглэлээр тодорхой үр дүнд хүрэхээр төлөвлөж ажиллаж байна.

-Энэ цаг үед хоёр хөрштэйгөө бид ямар гадаад бодлого баримталж ажиллах ёстой юм бэ?

-Монгол Улсын төрөөс баримталж байгаа бүс нутгийн хэмжээнд дэлхий нийтэд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой асуудлаар Монгол Улс маш тодорхой байр сууриа төрийн түвшинд илэрхийлээд явж байна.

Бид аливаа асуудалд энхтайванч нээлттэй бодлогыг баримталж, хүний эрх, ардчиллыг дээдэлнэ. Өнөөдөр ч гэсэн энэ байр сууриараа хандаж байна. Хоёр хөршийн хувьд сөргөлдөөнт байдалтай байгаа хэдий ч манай улсад айлчлал хийгээд л буцаж байна. Энэ бол Монголын гадаад бодлого зөв байгаагийн том илрэл.

Гаднынхан "Танай улс үнэт зүйлээ хамгаалах байр суурин дээрээсээ хандаж нээлттэй бодлого явуулж байгаа чинь тун зөв" хэмээн хэлж байна. Бид энэ бодлогоо цааш нь үргэлжлүүлэх ёстой. Бид олон жилийн уламжлалт нээлттэй явуулж ирсэн хамтын ажиллагааныхаа бодлогуудыг ч тэр хэвээр нь үргэлжлүүлж байна.

Тухайлбал, Хааны эрэлд арга хэмжээ, Аравт болоод ОХУ-тай олон жил яригдаж байсан цэргийн сургуулилалтыг ч зохион байгууллаа. Манай улс дэлхий нийтэд идэвхтэй гадаад бодлого явуулж байна. Тийм ч учраас Монгол руу хандах дэлхий нийтийн эерэг хандлагыг бий болгож байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөснөөсөө хойш гадаад бодлого талдаа идэвхтэй байр суурь барьж НҮБ-ын болон холбогдох олон улсын хурал гадаад дотоод айлчлал идэвхтэй хийж байна. Үүнийг бид цаашид ч үргэлжлүүлэх ёстой.

Энэ ондоо багтаад хэд хэдэн орнуудад Ерөнхийлөгчийн гадаад айлчлалууд болно. Уламжлалт орнууд болон хамтын ажиллагаатай олон улсын томоохон хурлуудад оролцохоор төлөвлөсөн.

-Манай улс дефолт зарлахад ойрхон байгааг гаднын хэвлэлүүд бичээд эхэлсэн. Харин Сангийн сайд үүнийг эрс үгүйсгээд байгаа. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байдалд орчхоод байгаа юм биш үү?

-Ерөнхийлөгч Ерөнхий сайдаар ажиллаж байхаасаа эхлүүлээд улс орны эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой томоохон асуудлуудыг шийдвэрлэх ажлуудыг хөдөлгөсөн.

Нэн тэргүүнд, хүнсний хангамж аюулгүй байдлын асуудал. Энэ талаар тогтоолын төсөл Их хуралд өргөн барьсан. Их хурал ирэх таван жилд хүнсний хангамжийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр томоохон тогтоолын төсөл баталж үүнийг дагаад үйл ажиллагааны төлөвлөгөө баталсан. Их хурлаас баталсан төлөвлөгөөний дагуу Засгийн газар УИХ тодорхой ажлуудыг хийх ёстой. Холбогдох яамд идэвхтэй байр суурин дээрээс ажиллах ёстой. Ерөнхийлөгч улс төрийн манлайлал үзүүлж том хөдөлгөөнийг эхлүүлсэн. Энэ бол эдийн засагт хийгдэж байгаа том санаачилга.

Тэрбум мод хөдөлгөөнийг дагаад ногоон эдийн засгийн урсгал, ногоон санхүүжилтийг бий болгох, үүгээрээ дамжуулаад байгаль дэлхийгээ хамгаалах, нөгөө талдаа ажлын байрыг бий болгох санал санаачилга гэж ойлгож болно. Эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газрын холбогдох сайдууд, Монголбанк бусад байгууллагуудад тодорхой үүрэг чиглэл өгч ажиллаж байна.

Мөн хил гааль, экспорт, импортын гацалтын талаар үүрэг чиглэл өгч Засгийн газартай хамтарч ажиллаж байна. Монгол Улс ямар нэгэн дефолт зарлах хэмжээнд очоогүй. Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн жилүүдэд тогтвортой байна. Иргэдийн амьдралд худалдан авах чадвар, бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг яривал мэдээж амаргүй нөхцөл байдал үүссэн. Тийм ч учраас энэ жил иргэдийн хүнсний хангамж аюулгүй байдалтай холбоотой бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг буулгах чиглэлээр, мөн шатахууны үнэ ханшийг тогтворжуулах чиглэлээр хэд хэдэн зүйлийг хийхээр төлөвлөж байна.

-УИХ Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах талаар яриад эхэлсэн. Тэгвэл Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг анхааралтай ажиглаж байна.

Зураг