ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр тус улсын гол компаниудын хувьцааг эзэмшиж буй гадаадын хөрөнгө оруулагчдын эзэмшлээ зарах эрхийг хязгаарлах захирамжийг баталжээ.
Гэхдээ захирамж зөвхөн тус улсын засгийн газрын “найрсаг бус харилцаатай” гэж тодорхойлсон улс орнуудын хөрөнгө оруулагчдад хамаарах юм байна. Хориг энэ оныг дуустал хэрэгжих ба хувьцааг нь зарахыг хориглосон аж ахуйн нэгжүүдэд бас Оросын банкууд, Алс Дорнодод хэрэгжиж буй газрын тос, хийн Сахалин-1 төсөл хамрагджээ.
Путин захирамждаа ОХУ-ын засгийн газар болон Төв Банканд 10 хоногийн дотор хамрагдах компани, аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргаж танилцуулах даалгавар өгсөн байна.
Уг хоригоос аль нэг гадаадын хөрөнгө оруулагчийг чөлөөлөх онцгой шаардлага гарвал Путин өөрөө шийдвэрлэх гэнэ.
Украинд эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлсэнтэй холбоотойгоор Өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг зарлаж, гадаадын хөрөнгө оруулагчид Оросын зах зээлээс олноороо гарах болсон билээ.
Уг хоригт нэгдсэн орнуудыг ОХУ-ын засгийн газар “найрсаг бус харилцаатай” гэсэн ангилалд оруулаад байгаа юм.
Эх сурвалж: Reuters