• 6 сарын 16, Даваа
Уншиж байна ...

CS2: "ATOX esports" багийн тоглогчдыг ашиг олох зорилгоор тоглолтын үр дүнд нөлөөлсөн хэмээн хатуу шийтгэжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Counter Strike-2 (CS2) тоглоомын Азийн чансаанд дээгүүрт бичигддэг манай улсын "ATOX Esports" багийн тоглогчдын талаар Их Британид төвтэй ESIC буюу И-спортын шударга байдлыг хангах комиссоос шийтгэлийн арга хэмжээ авсан байна. 

Тодруулбал 2024 оны сүүлээр ATOX esports баг "тэмцээний үр дүнг зориуд өөрчилсөн" буюу Match Fixing хийсэн гэх мэдээллийг И-спортын шударга байдлыг хангах комисс анх хүлээн авсан аж. 

Уг гомдол нь өнгөрсөн оны есдүгээр сард зохион байгуулагдсан "ESL Pro League Season 20" тэмцээний үеэр манай улсын "ATOX" болон Саудын Арабын "Team Falcons" багийн хоорондын тоглолтын үр дүнтэй холбоотой байжээ. И-спортын шударга байдлыг хангах комиссын ажлын хэсэг тухайн гомдолд үндэслэж, ATOX esports багт анхны анхааруулга хүргүүлэн, тоглолтын хэвийн бус байдлыг шалгах ажлыг эхлүүлсэн юм байна.

Match Fixing гэдэг нь тоглолтын үр дүнг урьдчилан төлөвлөж, тохиролцох, үүнийгээ мөрийтэй тоглоомоор дамжуулан мөнгө олох зорилготой ашиглах үйлдэл юм.

Тус байгууллага 2025 он гарснаас хойш шалгалтыг үргэлжлүүлэх явцад ATOX esports багтай холбоотой зөрчлүүд нэмж илэрсэн аж. Тиймээс ESIC нь ATOX багийн бүрэлдэхүүнд албан ёсны мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2025 оны хоёрдугаар сарын 13-нд тоглогчдод зөрчлийн мэдэгдэл хүргүүлсэн байна.

Улмаар энэ оны гуравдугаар сарын сарын 5-нд дахин шинэчлэгдсэн мэдэгдлүүд хүргүүлж, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн дуусах хүртэл олон улсын тэмцээнд оролцох тамирчдын эрхийг түдгэлзүүлээд байсан юм.

Удалгүй тус шалгалтын үр дүн гарч, И-спортын шударга байдлыг хангах комиссоос манай улсын "ATOX Esports" багийн тоглогчдод хатуу шийтгэлийг оногдуулжээ. Тухайлбал өдгөө 26 настай dobu буюу Б.Ган-Эрдэнэ, 29 настай kabal буюу Б.Бат-Энх, Nuka буюу дасгалжуулагч Б.Анар-Эрдэнэ нарын олон улсын чанартай тэмцээнд уралдаанд оролцох эрхийг бүх насаар нь хассан байна. 

Харин “flyNN” буюу багийн менежер Г.Төгөлдөрт удирдах албан тушаал хашиж байсан гэх шалтгаанаар гурван жилийн хориг, “MiQ” буюу тамирчин Б.Тэмүүлэнд нэг жилийн хориг арга хэмжээ авчээ. 

Тэгвэл “AccuracyTG” буюу Б.Отгонлхагва, “Zesta” буюу Э.Мөнхсайхан нарт зөрчлийн талаар мэдээлээгүй гэх шалтгаанаар найман сарыг хориг тавьсан байна. “AccuracyTG” болно “Zesta” нарт тавьсан хориг энэ оны арваннэгдүгээр сарын 4-нд дуусна. 

“MiQ” буюу Б.Тэмүүлэнгийн хориг 2026 оны гуравдугаар сарын 4-нд, багийн менежер Г.Төгөлдөрт тавьсан хориг 2028 оны гуравдугаар сарын 4-нд дуусах юм байна. 

И-спортын шударга байдлыг хангах комисс тоглогчдод бүх насаар нь хориг арга хэмжээ авсан үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд:

dobu буюу Б.Ган-Эрдэнэ: Тохиролцсон тоглолтуудыг удирдан зохион байгуулж, өөрийн багийн эсрэг мөрий тавих болон хахууль өгөх үйлдлүүдийг санаачилсан, багийнхандаа дарамт үзүүлж эсвэл хуурч мэхлэн, үр дүнг зориудаар өөрчлөхөд хамтран оролцуулахыг шаардсан. Хуулиас нууцлах, чимээгүй байлгахын тулд багийн гишүүдэд мөнгө төлсөн. ESIC-тай хийсэн ярилцлагын үеэр, тохиролцсон тоглолтод оролцож байсан, мөн Хятадад байрладаг зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдтэй хамтран ажилласан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
kabal буюу Б.Бат-Энх: “dobu”-тай хамтран, тоглолтын үр дүнг зориудаар өөрчлөх стратеги, мөрийтэй тоглоомын схемд идэвхтэй оролцсон. Авлигын үйлдлийг мэдээлэлгүйгээр чимээгүй өнгөрөөсний хариуд мөнгө хүлээн авсан. Бусад багийн гишүүдийг авлигад татан оролцуулж, чимээгүй байлгахын тулд мөнгөн урамшуулал өгсөн.
Nuka буюу дасгалжуулагч Б.Анар-Эрдэнэ: Дасгалжуулагчаар ажиллаж байхдаа ATOX багийн тоглолттой холбоотой 70 гаруй сэжигтэй мөрийтэй тоглоомд оролцсон эсвэл түүний явцыг дэмжсэн. Тоглолтын дунд хугацааны стратегийг зориуд буруу, төөрөгдүүлсэн байдлаар өгч, мөрийтэй тоглоомын ашиг сонирхолд нийцсэн үр дүнг бий болгоход хувь нэмэр оруулсан.

 

Эх сурвалж: Esports Integrity Commission