Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлт тавдугаар сарын 14-ний өдөр боллоо. Энэ үеэр Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа тус бүтээн байгуулалтад хэрхэн хамтарч ажиллах болсон талаараа дараах мэдээллийг өглөө.
Монгол Улсын Хөгжлийн Банк Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтад Монголын төмөр зам ТӨХК-тай хамтарч ажиллах юм байна. Тодруулбал борлуулж байгаа нүүрсний орлого Хөгжлийн Банкаар дамжих санхүүгийн үйлчилгээг үзүүлэх юм байна.
Энэ талаар тэрбээр "Нүүрсний орлого найдвартай эдийн засагт орж байх ёстой. Нүүрсний борлуулалтын гэрээ маш их хардлага дагуулдаг. Иймд ачигдаж байгаа бүх нүүрсний тоо хэмжээнд санхүүгийн утга талаас нь хяналт тавих, хоёр орны хийж буй бүтээн байгуулалтын ажил саадгүй явахад санхүүгийн институцүүд хэрэгтэй.
Монгол Улсын Хөгжлийн Банк засгийн газрын хэрэгжүүлж буй томоохон эдийн засгийн суурь төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд дамжуулан зээлдүүлэгч, санхүүгийн экспортын ажил үйлчилгээ үзүүлэх зэрэг олон чиглэлээр оролцох шинэ зорилготойгоор хуульд өөрчлөлт оруулж үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаа.
Энэ төсөл дээр Монголын төмөр Зам ТӨХК-ийн хэрэгжүүлэх бусад төслүүдийг санхүүжүүлэхэд энэ гэрээгээр орж байгаа орлого нэг том банкны дансаар хянагдаж явах чухал шаардлага байгаа учир энэ төсөл дээр оролцож байгаа. Энэ гэрээний дагуу борлуулах нүүрсний олох орлого манай банкны дансаар явах юм" гэв.
Бүтээн байгуулалтын нээлтийн өмнө Хятад Монголын хоёр тал Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих тухай, Нүүрс худалдах, худалдан авах урт хугацаат гэрээ, Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны ерөнхий гэрээнүүдэд гарын үсгээ зуралцсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
|